МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний эрсдэлийг тооцсон удирдлагын бодлого хэрэгтэй байна
2020.12.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Үндэсний эрсдэлийг тооцсон удирдлагын бодлого хэрэгтэй байна

Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед төр, засгаас үндэсний хэмжээний эрсдлийн удирдлагыг судалж гарган, түүний дагуу төлөвлөн ажиллах шаардлагатай байна.

Ингэснээр гарч буй дүрэм журам, шийдвэрүүд давхцаж зөрчилдөхгүй нэг мөр болно гэсэн саналыг Улаанбаатар хотын Худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хэлэлцүүлгийн үеэр тус Танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг тавьж байв. 

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас зохион байгуулсан "Цар тахлын дараах Монгол Улс, Монгол Улсын эдийн засаг" сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын Танхимын гишүүн бизнес эрхлэгчид, 40 гаруй ААН-ийн төлөөлөл оролцсон юм. Оролцогчдын санал, хэлсэн үгээс хүргэвэл, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ, "Эдийн засгийг сэргээх 2 үе шаттай арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. ЖДҮ-ийг дэмжих сангаас гадна манай улсад байгаа өөр олон сангаас ямар хөрөнгө татах боломжтойг судалж, түүнийгээ нэн шаардлагатай байгаа хэсгээ дэмжихэд зарцуулах нь илүү үр дүнтэй" гэдгийг онцолж байв. Тэрээр УИХ-д:

  • Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан Урт хугацаанд дахин санхүүжилт эхлүүлэх, иргэд, ААН-д бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээлийн төлөлт болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, 
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахалсан 2 ч ажлын хэсэг байгуулж эдийн засгийг нэмэгдүүлэх, үр ашигтай ямар боломж байгааг судалж буйг мэдээлсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Амарсайхан, "Монголбанк зах зээлээ сэргээх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад бие дааж ажиллах боломж бий. Хөнгөлөлттэй зээлийг зах зээлд  гаргаж, бодлогын хүүгээ дахин буулгах ёстой. Зээлээ олгохдоо баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжээд өгмөөр байна" гэсэн санааг хэлэв. 

"COVID-19"-ийн нөхцөлд гарч болох боломж нөхцөлийн талаарх саналуудыг хүргэвэл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ, "Эдийн засаг, нийгмийн нэг төвлөрөлтэй байх нь хор хөнөөлтэй, эдийн засгийн хөгжлийн олон тулгууртай байх нөхцөлийг өнөөгийн энэ онцгой цаг үеийн байдал нэг талаар бидэнд тодоос тод харуулж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Банкууд эрсдэлтэй энэ үед зээл гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа нөхцөлд Засгийн газар өөр дээрээ эрсдэл үүрч, үнэт цаасаа идэвхжүүлвэл илүү үр дүнтэй" гэсэн саналаа хэлэв. 

Хэлэлцүүлэгт оролцсон “Start-Up marketing space” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Мөнхбаяр, "Хямралын үе бол бизнес эрхлэгчдийн хувьд өндөр шалгуур болдог бас нөгөө талаар шинэ боломжууд бий болдог. Төрөөс ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ шинээр үүсгэн байгуулж байгаа ААН, шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах гэж буй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах санаачлага байхгүй байна" хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.

Үүний гарцыг тэрээр, УИХ Хөрөнгө оруулалтын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлж байгаа, гарааны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын боломжийг хуульчилж өгөх замаар шийдэж болно гэсэн саналаа хэлэв. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас УИХ-ын гишүүдтэй хийсэн онлайн хэлэлцүүлгийн үеэр дараах саналыг гаргав. Үүнд: 

  • “Үндэсний эрсдэлийн удирдлагын урт хугацааны концепц”-ийг УИХ-аас батлан гаргаж мөрдүүлэх;
  • Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг төрөл бүрээр дэмжих чиглэлээр УИХ-аас дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах;
  • Түүхий эдээ импортоор авч буй ААН-үүдийн татварыг бууруулах, онц хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материал оруулж ирж байвал гаалийн татварыг тэглэх, 
  • дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил импортын бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулах г.м.
  • Хөгжлийн бэрэхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төслийг илүү дэмжих:
  • Хийн түлшинд шилжиж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа иргэд, ААН-үүдэд Засгийн газраас гаргасан цахилгааны төлбөр чөлөөлөх шийдвэр хамаарахгүй, дэмжлэг болохгүй байгааг анхаарч энэ салбарыг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах;
  •  Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг хувийн хэвшлийнхнээр илүү хийлгэж, төрөөс худалдан авах бараа бүтээгдэхүүнд эзлэх дотоодын үйлдвэрийн барааны хувь хэмжээг нэмэгдүүлэх;
  •  Тариалалтын бүс нутагт нь тохирсон зээл, санхүүжилт бий болгох;
  • ЖДҮС-ын хяналтад ТББ, Иргэний нийгмийн байгууллага, Бизнес эрхлэгчдийн хяналтыг бий болгох зэрэг саналыг гарган тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ