Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулж”, ард түмэн МАН-ын ялалтыг баталгаажуулсан жил байлаа
Оны онцлох. 2020 онд Монголын улс төр өрнүүн, үйл явдлаар дүүрэн байлаа.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал ард түмэн Үндсэн хуульд заасанчлан сонгох, сонгогдох эрхээ хоёронтаа эдэлж, Засгийн газар төдийгүй орон нутгийн удирдлагыг шинэчлэн бүрдүүлсэн нь энэ оны хамгийн том бөгөөд чухал үйл явдал байв.
Нөгөөтэйгүүр Засгийн газар, УИХ энэ жил шинэ сорилттой нүүр тулсан нь дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахал юм. Төр засгийн удирдлагууд ард иргэдээ төдийгүй эдийн засгаа хамгаалж үлдэх амаргүй даваатай тулгарсан ч аль алийг нь орхихгүй байх үүднээс шийдвэр гаргасаар энэ оныг үдэж байгааг онцлох нь зүйтэй.
Цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэмийг улсаараа мөрдсөн.
Улмаар Засгийн газар хэд хэдэн хуулийг шинээр баталснаар цар тахал гарсан онцгой үед хэрхэн ажиллаж, амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь шинэ ололт байлаа. Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, гадаад харилцаа тэг зогсолт хийсэн онцгой үед БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилсан нь манайд төдийгүй дэлхийд онцлох үйл явдлын нэг болсон юм.
Дэлхийн чихэнд хүрч, манай улстай хамтын ажиллагаатай улс орнуудын анхааралтай ажиглаж байсан бас нэг асуудал нь ФАТФ-ын “Саарал жагсаалт”- тай холбоотой мэдээлэл. Тодруулбал, 2019 оны намар тус байгууллагаас манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулснаа зарлаж, тодорхой хүрээнд санхүүгийн хориг арга хэмжээ авсан нь таагүй мэдээлэл байсан ч Монгол Улсын Засгийн газар шуурхай ажилласны хүчинд 2020 онд байдлыг хэвийн горимд шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тусгай ажлын хэсэг гаргаж, холбогдох албаныхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилласнаар энэ оны аравдугаар сард манай улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гаргасныг албан ёсоор зарласан юм.
Техник, технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлэх, улмаар ард иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгох. Ингэснээр төр, иргэний харилцааг энгийншүүлж, хурдан шуурхай болгох эхлэлийг Засгийн газар энэ онд эхлүүлснийг ч онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар emongolia төслийг хэрэгжүүлснээр төрийн бүх үйлчилгээг цахимжуулах ажлын эхлэлийг тавиад байгаа билээ.
Засгийн газрын энэхүү шийдвэрийн үр дүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлигыг бууруулах томоохон алхам болсныг онцолъё. Төр засгаас гаргаж буй шийдвэр иргэн бүрийн амьдралд хүрдэг учраас улс төрийн хүрээний үйл явдал хэзээд чухалд тооцогддог. Тэгвэл шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар энэ жил хэрхэн ажилласан бэ, тэд шаардлагатай цаг үед зөв шийдвэр гаргаж чадаж байна уу. Энэ нь эргээд иргэд, нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ.
Эдгээр асуултад хариулт өгөхийн сацуу 2020 онд улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг “МОНГОЛЫН ҮНЭН” сонин нэрлэж байна.
ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ОЛОН БИЕ ДААГЧТАЙ СОНГУУЛЬД МАН 62 СУУДАЛ АВЛАА.
Монгол Улс энэ жил найм дахь удаагийн парламентын сонгуулийг амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээр онцлог байсныг дурдах нь зүйтэй. Тодруулбал, УИХ-аас Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулиа хийсэн юм. Олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-нд орон даяар явууллаа.
Ингэснээр УИХ-ын 76 мандатын 62-т МАН ялалт байгуулсан юм.
Харин АН 11 суудал авсан бол бие даагч Н.Алтанхуяг, “Зөв хүн электорат” эвслээс Т.Доржханд, “Та бидний эвсэл”- ээс С.Ганбаатар нар УИХ-д сонгогдсон. Ийнхүү МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг тэргүүлэх эрхтэй болсон билээ. МАН парламентын сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь энэ юм.
Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдварын улмаас манай улс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд парламентын сонгуулиа зохион байгуулсан нь онцлог байв. Хэдийгээр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж, санал хураалт явуулсан ч ирц хангалттай, нийт сонгогчдын 73.6 хувь нь саналаа өгсөн буюу 2000 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон юм.
Мөн энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог нь хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдсөн явдал байлаа. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл буюу нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийсэн.
Шинээр сонгогдсон парламент өмнөхөөс хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй болсон бөгөөд тэдний найм нь анх удаа нэр дэвшин ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болоод байна.
АРД ТҮМЭН АРДЫН НАМД БҮТЭН ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ, Д.СУМЪЯАБАЗАРЫГ ХОТЫН ДАРГААР ТОМИЛОВ.
Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг аравдугаар сарын 15- нд зохион байгуулав. Энэ нь мөн л Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн жилд УИХ болон орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хамт явуулсан бол энэ удаад тус тусад нь зохион байгуулсан.
Нийслэлийн хэмжээнд зургаан нам, нэг эвсэл, таван бие даагч өрсөлдсөн бөгөөд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН бүтэн итгэл үзүүлж, бүрэн хариуцлага нэхэхийг уриалан орон нутгийн сонгуульд оролцсон. Ард түмэн ч Ардын намд бүтэн итгэл үзүүлснээр УИХ-ын сонгуулийн амжилтыг давтсан юм. Ингэснээр МАН нийслэлд 34 суудал авсан бол АН найм, ХҮН нам гурван суудал авсан билээ. Ийнхүү нийслэлийн ИТХ-д МАН дөрвөн жил үнэмлэхүй олонхыг бүрдүүлэн ажиллах даалгаврыг ард түмнээс аваад байна.
Орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 161 хүн өрсөлдсөн бөгөөд ирцийн босгогүй байснаар онцлог байв.
Түүнчлэн сурталчилгааны өдөр цөөн байсан бөгөөд санал хураалтыг өглөө 07:00 цагт эхлүүлж, 20:00 цагт хаасан нь өмнөх сонгуулиудаас ялгаатай байсан юм. Ийнхүү үнэмлэхүй ялалтаа Орон нутгийн сонгуулиар баталгаажуулсан МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн.
Үүний дагуу аравдугаар сарын 23-нд болсон нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан нарыг томилсон.
Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсний дагуу түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа билээ. Түүнчлэн МАН 14, АН долоон аймагт ялалт байгуулснаар Засаг даргаа томилох эрхтэй болсон юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ У.ХҮРЭЛСҮХ ТАНХИМАА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭВ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч Засгийн газрыг дангаараа байгуулах эрхтэй болсон. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой.
Энэ утгаараа МАН-ын дарга, мөн 2017 оноос Засгийн газрын тэргүүнээр ажилласан У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар улираан томилох саналыг Ерөнхийлөгч болон УИХ-ын чуулганд танилцуулж, дэмжсэнээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олгосон бүрэн эрхийнхээ дагуу анх удаа танхимаа өөрөө бүрдүүлсэн юм.
Тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ баталж, танхимд ажиллах сайд нараа томилсноор Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтайгаар үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг шинээр нэмж байгуулсан нь онцлог байв. Мөн Үндсэн хуулийн дагуу дөрвөн сайдаас бусдыг нь парламентын гаднаас томилов.
Ерөнхий чиг үүргийн яамдад “давхар дээл”-тэй ажиллах сайдуудаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖын сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ нарыг томилсон юм. Засгийн газраас иргэд ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байгаа.
Тиймээс ч энэ Засгийн газарт ирэх дөрвөн жилд хийх ажил их бий. Үүний хажуугаар дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахлыг Монгол Улс дотооддоо алдсан нь энэ Засгийн газрын хамгийн том шалгуур болж, цар тахлын эсрэг цаг алдалгүй арга хэмжээнүүдийг авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьжиргаа, үйл ажиллагааг дэмжихэд анхаарлаа хандуулан ажилласаар шинэ онтой золгож байна.
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн есдүгээр сарын 15, 16-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалыг энэ оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Учир нь, түүний манай улсад хийсэн айлчлал нь “COVID-19” цар тахал гарч эхэлснээс хойш гадаад улсаас хийсэн анхны, өндөр дээд хэмжээний айлчлал болсноороо онцлогтой. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт анхаарч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцсоноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гурван төмөр замын гэсэн боомт нээгдэх боломжийг нээсэн үр дүнтэй айлчлал болсон юм. Ингэснээр манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээнд нэмэгдэхэд түлхэц үзүүлнэ гэж талууд үзсэн.
Мөн БНХАУ-аас манай улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлсэн билээ.
МОНГОЛ УЛС МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД ТОМООХОН АХИЦ ДЭВШИЛ ГАРГАСНЫГ ФАТФ ОНЦЛОВ.
ФАТФ-ын зүгээс энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан чуулганаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргасныг албан ёсоор зарлав. Тус чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргахыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжсэн байдаг.
Ингэснээр “ФАТФ”-ын ерөнхийлөгч, доктор Маркус Плейер Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас гарсныг албан ёсоор мэдэгдсэн юм.
Энэ үеэр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасныг онцлоод “COVID-19” цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг тусгайлан тэмдэглэсэн билээ.
Ингэснээр манай улс үл хөдлөх хөрөнгийн болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбарыг төрийн зохицуулалтад оруулаад байна. Нэг ёсондоо тухайн салбарынханд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог болов.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭВ.
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсон нь 2020 онд Засгийн газрын хийсэн томоохон ажлын нэг байв. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр гаргаж, эхний шатанд төрийн 181 үйлчилгээг богино хугацаад цахимжууллаа.
Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлж, нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлэхээр төлөвлөж буй. Одоогоор үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг яам, агентлагуудаас гадна аймаг сумд ч хэрэгжүүлээд эхэлсэн.
Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх, иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой ажээ.
Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Олон улсын туршлагаас ажиглахад дижитал шилжилтийг бүрэн хийхэд 5-7 жил шаардлагатай байдаг. Тиймээс E-Mongolia системийн хөгжүүлэлтийг жилийн 365 хоногийн туршид хийсээр байх юм.
ЦАР ТАХЛЫН ХҮРЭЭНД ТҮҮХЭН ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.
“COVID-19” халдварын тохиолдол өнгөрсөн сарын 10-нд дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн тул Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорионы дэглэм тогтоож, холбогдох арга хэмжээг авч байна.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийг дотооддоо алдаагүй цөөхөн улсын нэг байв.
“COVID-19” цар тахал анх БНХАУ-д бүртгэгдсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн, нийгэм, эдийн засгийг тэтгэсэн өмнө нь гаргаж байгаагүй түүхэн олон шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. Ирэх онд ч зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөв болон холбогдох хуулиудад тусгаад байгаа билээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тэглэсэн, иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар аваагүй, 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөхийн зэрэгцээ ажлын байраа хадгалсан тохиолдолд сар бүр урамшуулал, малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов.
Мөн шатахууны үнийг литр тутамд нь 200- 300 төгрөгөөр буулгаж, хүүхэд бүрд сар тутам 100 мянган төгрөг олгож байна. Сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн суурь хэрэглээ буюу цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төр даахаар болсон.
Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчин айл өрхүүдэд 300 мянган төгрөгийн өртөг бүхий малын тэжээлийг үнэ төлбөргүй олгож байна. Мөн УОК-ын нөөцөд байгаа 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтайгаар өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэх юм.
Үүнээс гадна УИХ-ын чуулганаар хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТаас чөлөөлөх хуулийн төслийг баталсан.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бодит арга хэмжээ авч, ард түмнээ дэмжих нь зөв. Мөнгө төгрөг өг гээд сайхан зүйл ярьж болох ч тийм боломж байхгүй.
Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр, хамгаалалт биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Ард түмний амьдрал, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаатай адил. Тиймээс Засгийн газраас тодорхой бодит шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж байна” хэмээн тодотгосон билээ. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хүрээнд Засгийн газраас иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад томоохон дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийг тэтгэх, сэргээн тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлж буй түүхэн олон шийдвэрээс заримыг нь онцлон хүргэе.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ДАХИАД ЗУРГААН САР ОЛГОНО.
Манай улс 0-18 нас хүртэлх хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөг олгодог байсан бол үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү мөнгөн тэтгэмжийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, олгоод есөн сар болж байна. Цар тахал ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгаа тул энэхүү тэтгэмжийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн олгохоор 864 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
Хүүхдийн мөнгийг ийн нэмэгдүүлж, урт хугацаанд айл өрхүүдэд олгож буй дэмжлэгийг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэхийн зэрэгцээ олон нийт ч үүнд ам сайтай байгаа билээ. Тухайлбал, “Зургаан хүүхдийн маань 600 мянган төгрөг дансанд оржээ. Төр, засагтаа баярлалаа” хэмээн нэгэн ээж фэйсбүүк хуудастаа бичжээ.
Үүгээр жишээ авахад дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал тухайн айл 5.4 сая төгрөг авч байгаа бол цаашид ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл нэмэгдүүлсэн байдлаар авна гэж бодохоор 3.6 сая төгрөг авах нь.
ГЭР ХОРООЛЛЫНХНЫГ ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВАХ БОЛОМЖООР ХАНГАВ.
Сайжруулсан шахмал түлшний үнийг эхлээд 50, дараа нь 25 нийт 75 хувиар бууруулах шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давах боломжийг бүрдүүлэв.
Ингэснээр гэр хорооллын 220 мянган айл өрх энэ сарын 3-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшийг хямдралтай үнээр худалдан авах юм.
Нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш худалдан авах нормтой бөгөөд сард 90000-100000 төгрөг зарцуулдаг байсан бол энэ жил 22000-25000 төгрөгийг түлшинд зарцуулах нь. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө нийслэлчүүд нэг тонн түүхий нүүрсийг 180-220 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан.
Харин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, нэг тоннынх нь үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд цар тахалтай холбоотойгоор энэхүү үнийг 75 хувиар бууруулсан нь хүйтний эрч чангарч, ажил орлого нь багассан хүндхэн үед ард иргэдэд ихээхэн бодит дэмжлэг болж байгаа билээ.
БҮХ АЙЛ ӨРХ, ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИЙН СУУРЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨР ДААНА.
Цар тахлын хүрээнд Засгийн газраас гаргасан онцлох шийдвэрүүдийн нэг нь айл өрх, зарим аж ахуйн нэгжийг цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон явдал юм.
Тодруулбал, энэ сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк бус санхүүгийн байгууллага, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч болон согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаагаас бусад аж ахуйн нэгжийн суурь хэрэглээний төлбөрийг төр хариуцах юм.
Цахилгааны төлбөрийг тэглэсэн нь бүх айл өрхөд хамааралтай бол дулааны тухайд 100 ам метр хүртэл талбайтай айл өрхийг хамруулж байна.
ХҮНСНИЙ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН, ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ.
Цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн болон улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг батлав.
Энэхүү хуулийн заалтыг ирэх оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм. УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан хэрэгжүүлж буй.
Энэхүү хуульд цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэхээр тусгасан юм.