2020.12.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Дэлгэрсайхан: Цар тахлын цаг үед худал мэдээлэл маш их хор хохирол учруулах аюултай

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.22/ боллоо. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:

Замын-Үүдээр импорт, экспортын ачаа маш их оочер дугаар үүсгэж асуудал гаргаж байна. Үүний шалтгааныг сум, аймгийн Засгийн даргаас асуусан. Өдөрт эндээс 100 гаруй яам, тамгын газрын бичигтэй машин очиж байна. Гэтэл гаргадаг тоо нь 30-40. Хоёр өдрийн өмнөөс 50-60 болж байна. Бичигтэй машинууд нь бид төвөөс бичигтэй гээд үймээн үүсгээд байгаа юм. Тийм учраас Шадар сайдаа та бүх эрхийг нь сумын Онцгой байдлын дарга буюу сумын Засаг даргад өгсөн нь дээр юм. Яагаад гэвэл газар дээр нь бүх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүний хувьд. Хамгийн түрүүнд ямар машин гарах ёстой гэдгийг нь зохицуулах нь зөв байх. Ямар ч гэсэн машины тоо нэмэгдэж байна. Тэгээд 200-300 машин гараад жигдрэх юм байна гэж ойлгосон.

Хуулийн заалтын 2.5, 5.1.7 гэдэг заалтыг оруулах нь зөв. Хүний нэр төр,  алдар хүндэд сэтгэл зүйн дарамт хохирол учирвал гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө гурван автобус Хятад иргэд орж ирээд Дорноговь аймагт нуугдаж байна гэсэн мэдээлэл дамжуулсан. Ийм өндөржүүлсэн бэлэн байдал, бараг алхам тутамд посттой байгаа газар, гурван автобус хүн хаагуураа ороод ирдэг юм бэ? Тийм учраас үүн дээр ямар арга хэмжээ авах, санкц нь ямар байх юм. Тэгэхгүй цар тахлын үед хэн дуртай нь цуу тарааж байна. Ингэж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж болохгүй. Тийм учраас үүн дээр онцгой анхаарах ёстой. Одоо сошиалд хэн дуртай нь хамаагүй live хийж, юу дуртайгаа ярьж байна. Үүнийг онцгой анхаарах ёстой. Энэ бол нэр ус, хаягтайгаа байгаа. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа. 

Замын-Үүдийн боомтоор өвлийн улиралд өдөртөө 200-220 автомашины тээвэр хийгддэг. Сүүлийн сарын хугацаанд өдрийн 25 машин дундчилж явж байсан. Сүүлийн гурван өдөр 60 машин явж байна. Тийм учраас 60 машин явсантай холбогдуулаад, зарим нэг жагсаалтанд орсон байсан экспорт хийх хувиараа хүсэлт гаргасан машинуудаас өчигдөр гэхэд 30 машин гарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ