2020.12.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
"Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г батлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
"Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г батлав. Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрджээ. Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр байна. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байжээ.
"Цөмийн материалыг бүртгэх, хянах журам"-ыг батлав. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгав.