МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2020.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн /2020.12.22/ хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Байнгын хороон дарга М.Оюунчимэг танилцуулав.

2020.04.07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар товч танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, төсөлд тусгасан зарчмын шинжтэй шинэ зохицуулалтуудыг онцлон танилцуулав.

Үүнд ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах, гадаадаас ажилтан сонгох, авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох, гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага оролцоо хангалтгүй байсныг өөрчилж, оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлэх, салбарын яамдын тоог үндэслэн гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоох, ингэхдээ салбарын онцлогийг харгалзан ялгаатай тогтоох, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлах, зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг урьдчилан бууруулах, барагдуулах, гадаадад ажиллаад ирсэн иргэдээ эргэн суурьшихад дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулах, зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан байна.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бейсен, Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, М.Оунчимэг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан,  хувь хүний болон өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, сувилгаа, гэрийн үйлчилгээ, барилга, замын ажил, машин засвар зэрэг монгол залуучууд ажиллах боломжтой ажлын байруудад гадаадаас ажиллах хүч авахгүй байхаар зохицуулах, гадаадад ажиллаж байгаа иргэдийн бүртгэлийг шинэ шатанд гаргах, эрх ашгийг нь хамгаалах, холбогдолтой бусад бүх хууль тогтоомжийн уялдааг хангаж байж төслийг дахин оруулж ирэх шаардлагатай талаар саналаа хэлэв.

Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ