МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарна
2020.12.23
Эрүүл мэнд

НББХ: Цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн /2020.12.22/ хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Байнгын хороон дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажиллажээ.  

Тайланг Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав. Тус Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эм, эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд хэрхэн хүргэж байгаатай танилцахаар Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад ажилласан байна.

Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй  зэрэг ард иргэдэд хүндрэл учруулсан асуудлууд үүссэнийг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Ажлын хэсгээс холбогдох газруудад өгч, арилгуулсан төдийгүй иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүст тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болох, улсын хэмжээнд ажилладаг эрүүл  мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлэх, 3382 эмч жор бичдэг байсан бол 6500 орчим болгон өргөжүүлэх, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх зэрэг ахиц дэвшил гарсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.

Түүнчлэн, Ажлын хэсэг цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр коронавируст (Ковид-19) халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонссоноор халдварын голомтод ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгааг анхаарч, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллан шийдвэр гаргах үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан төдийгүй санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүд  цар тахлын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж буй учир эмнэлгүүдийг голомт болохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах,  цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах,  хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах эрх зүйн орчин бий болгох, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлж, байр сууриа илэрхийлэв.  

Ийнхүү хэлэлцсэнээр Байнгын хорооны тогтоолоор тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ