ТБХ: Сангийн яамны тооцоогоор төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрана
2020.12.23
Эдийн засаг, Худалдаа

ТБХ: Сангийн яамны тооцоогоор төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрана

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.22) цахим хуралдаан 14 цаг 40 миунтад гишүүдийн 66,6 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Иймд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасныг танилцуулгад дурдав. 

Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлэх болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, үг хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ арга хэмжээг өмнө нь 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 09 сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн. 

Ингэхэд нийтдээ 3400 түрээслэгчийн 18,7 тэрбум төгрөгөөр түрээсийн төлбөрийг бууруулсан байдаг. Нийт 53 түрээслүүлэгч энэ хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад хандсаныг онцлоод 2020 онд эдийн засгийн өсөлтийг -5,5 хувь гэж үзэж байна. Сангийн яаман дээр төсвийн орлогыг сайтар тооцож үзэхэд өнөөдрийн байдлаар 700 орчим тэрбум төгрөгөөр тасрахаар байгааг тодотгов.   

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8  хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

ШИНЭ МЭДЭЭ