ТБХ: Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжлээ
2020.12.23
Эдийн засаг, Худалдаа

ТБХ: Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.22) цахим хуралдаан 14 цаг 40 миунтад гишүүдийн 66,6 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаан Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэхээр байна.

Улмаар эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний албан татварын өр төлбөр, алданги, торгууль хуримтлагдах нөхцөл байдал бий болох эрсдэлтэй байна. Иймээс үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Энэ 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн хугацаандаа төлөөгүй албан татварт алданги, торгууль тооцохгүй болж, татварын өр хуримтлагдах нөхцөл байдлаас сэргийлэх, татварын ачааллыг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэхэд дэмжлэг болно гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал нар  асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбогдуулан томоохон уул уурхайн компаниудыг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд хамруулахгүй байх тодорхой хязгаар тогтоосон эсэх, татварын алданги, торгууль ногдуулахгүй гэхээр татвараа цаг тухайд нь төлүүлэх, төсвөө хэрхэн бүрдүүлэхээр тооцож байгааг тодрууллаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  хуулийн төсөлд бүх аж ахуйн нэгжүүдийг жигд хамруулахаар тусгасныг онцлоод аж ахуйн нэгжүүд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлнө.

Гэхдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, торгууль ногдуулахгүй байх боломжийг л энэ хүнд цаг үед аж ахуйн нэгжүүддээ олгож байгаа гэв. Мөн тэрбээр өмнөх татварын алданги, торгуулиас чөлөөлөх, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 356 мянган татвар төлөгч, 90 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алданги торгуулийг хойшлуулсан гэж хариулж байлаа. 

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

ШИНЭ МЭДЭЭ