ТБХ: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
2020.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ТБХ: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.22) цахим хуралдаан 14 цаг 40 миунтад гишүүдийн 66,6 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэгдэж, хүн амын дунд өвчний тохиолдол гарсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Дийлэнх байгууллагын үйл ажиллагааг зогсоосноор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна. 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолоор хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг хуулийн төслийг боловсруулсан. 

Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, дээрх тогтоолд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгасан талаар танилцуулгад дурджээ. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд уг хуулийн үйлчлэлд 10.0 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийсэн гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлсэн. 

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Жавхлан татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдангиас чөлөөлөх хуулийн төслүүдтэй холбогдуулан өмнө нь хэрэгжсэн хуулиудын үр дүн, хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуй нэгжийн хүрээ,  хэчнээн ажлын байр хадгалагдсан, иргэдийн орлоготой байх нөхцөлийг хэр бүрдүүлсэн зэрэг тодорхой мэдээллүүдийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэж, Байнгын хорооны энэ долоо хоногийн Пүрэв гарагийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах үүрэг өглөө.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн   71.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ