НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ж.Сандагсүрэн: Дарс, шар айраг худалдан борлуулахыг хориглоогүй
2020.12.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Сандагсүрэн: Дарс, шар айраг худалдан борлуулахыг хориглоогүй

Ж.Сандагсүрэн: Дарс, шар айраг худалдан борлуулахыг хориглоогүй. Дэлгүүрүүд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулах эрхийг хэвээр үлдээжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хүнсний худалдааг 07:00-22:00 цаг хүртэл явуулах захирамж гаргалаа. Нийтийн тээвэрт халдвар хамгааллын горимыг баримтлуулж, цагийн хуваарь энгийн горимоор явна.

Хөл хорионд байна гэдэг нь иргэдэд бухимдал үүсгэдэг. Сэтгэлзүйн хувьд ч гэсэн таагүй зүйл. Тухайн хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ энэ бол яах аргагүй эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч байгаа арга хэмжээ.

18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй" гэлээ.

Өмнө нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед бүх төрлийн согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг хориглож байв. Энэ үед ч гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд гарч байсан юм.

Харин энэ удаад дарс, шар айраг худалдаалснаар сөрөг нөлөө гарах эрсдэлийг хэрхэн харж байгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад "Бага градустай согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг зөвшөөрснөөр сөрөг нөлөө ихэсвэл нийслэлийн Онцгой комиссоос арга хэмжээ авна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ