Монгол улс эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна
2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Монгол улс эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, бизнес эрхлэгчид зах зээл рүү мөнгө оруулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Үүнд Монголбанк санаачилгатай ажиллаж, арилжааны банкуудтай хамтран зах зээлд мөнгө гаргахгүй бол муу зээл нэмэгдэхээс гадна бизнесүүд дампуурч, зээл авах боломжтой компани байхгүй болно. Тиймээс зах зээлд хэрхэн мөнгө оруулах санаачилга гаргаж ажиллахаар хуулийн төсөлд санал оруулсан эсэхийг лавлав. 

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал. Д.Аюуш, Төв банкны тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж буйг тодотгоод, түрээсийн орон сууцтай холбоотой 150 тэрбумын бондын нийлүүлэлт, гадаад валютын нөөцтэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд 115 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийсэн гэдгийг мэдээлэв. Мөн ретро санхүүжилтээр 74 тэрбум төгрөгийг 10.5 хувьтай олгоод байгааг тэмдэглэв. Цар тахлын хуулийн өөрчлөлтөд, бусад салбар руу нийлүүлэлт хийх, үнэт цаас худалдан авах боломж гаргахаар саналаа уламжлаад байна. Ингэснээр, ЖДҮ-ээс гадна бусад салбар руу мөнгөний нийлүүлэлт хийх гарц болно хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, өрх бүрээр PCR хийх асуудал хэрхэж буйг тодруулахын зэрэгцээ вакцинжуулалтын асуудлыг хуульд тусгаагүй байгааг лавлав. Үүнд вакцинжуулалт хийсэн улс орнуудтай агаарын хилээ нээх эсэх асуудлыг тусгах эсэхийг асуув. Мөн гадаадад их, дээд сургуульд сурахаар явах гэж буй иргэдийг тусгай нислэгт багтаах эсэхийг сонирхов. Түүнчлэн МСҮТ-ийн санхүүжилт 11-12 дугаар сард олгогдоогүй, 1500 багш ажилчин цалингүй байгааг тодотгож, энэ санхүүжилт хэзээ шийдэгдэхийг асуулаа. 

Шадар сайд Я.Содбаатар гишүүний асуултад хариулахдаа, вакцинжуулалтыг цөөн улс орнууд хийж эхлээд байгааг тодотгоод, эсрэг бие үүссэн иргэдийн хилээр зорчих хөдөлгөөнийг нээх эсэх асуудлыг судалж байгааг хэлж, МСҮТ-ийн багш, ажилчдын санхүүжилт өнөөдөр шийдэгдсэн гэлээ. Харин өрх бүрээс шинжилгээ авах ажлыг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон хэмээн тэмдэглээд, Улаанбаатар хотын 415 мянган өрхийн 1.7 сая хүнийг хамруулах шаардлагагүй гэдгийг ДЭМБ болон мэргэжлийн байгууллагууд хэлж байгааг дурдав. Гэхдээ, өмнөх хөл хорионы үеэр нийслэлд эрсдэлтэй 40 хороог сонгон 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулахад халдварын тохиолдол илрээгүй. Мөн хөл хорио дахин тогтоосонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн 29 хорооны 25-ынх нь 80 мянган өрхөөс шинжилгээ авах ажил үргэлжилж буйг мэдээлэв. Ерөнхийдөө алаг цоог буюу цар тахлын хэмжээнд хүрээгүй үед массын дундаас шинжилгээ авах ажлыг мэргэжлийн байгууллага үгүйсгэж байгаа гэв. 

Вакцинжуулалтын асуудлаар дорвитой ажил хийж буйг цохон тэмдэглээд, энэ хүрээнд ДЭМБ болон олон улсын байгууллагатай хамтран 2021 оны нэгдүгээр улиралд коронавирусний вакцин оруулж ирэхээр яриа, хэлцэл хийж буйг онцлов. Вакциныг ирэх нэгдүгээр сард багтаан дотооддоо бүртгэлжүүлэхээр бэлтгэл ажлын төлөвлөгөө баталсан, цаашид үндэсний хэмжээний төлөвлөгөө баталж эмч нараас эхлэн суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулна гэлээ. 

Гадагш гарч буй оюутнуудад хаалт тавьсан зүйл байхгүй бөгөөд тусгай нислэгт багтаж явж байгааг тайлбарлав. Маргааш өглөө БНСУ-аас эмнэлгийн хэрэгсэл татан авах карго нислэгт 70 хүн багтан явж байгааг дурдаад, тус нислэгээр эрүүл мэнд, хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай 40 иргэнийг ачааны хамт татан авах чиглэл өгсөн гэв.  Одоогоор дотоодын халдвар нэмэгдэж байгаа үед тусгай нислэгээр 200-300 хүн татан авах боломжгүй байгааг хэллээ. 

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлэв. Үүний дараа санал хураахад хуралдаан оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ