2020.12.24
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Тайлагнасан орлогыг хойшлуулж буйг алданги гэж тооцох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.
Татварын алданги, торгууль гэхээр мэдээж тайлагнасан татвар гэж байгаа. Тэрийг төлөөгүй байхад нь оногдож байгаа, алданги торгуулийг хэлж байна гэж би ойлголоо. Ахиад нэг алданги, торгууль юун дээр ирдэг вэ гэхээр тухайн үеийн 2020-2021 оны ажил дээр нь 2022-2023 онд Татварын байгууллагаас хяналт ороод шалгаж байгаа торгууль, алдангийг хэлж байна уу эсвэл бүгдийг нь хэлээд байна уу? Энэ хоёр өөр юм.
Сангийн сайд Ж.Хүрэлбаатар:
Хамгийн гол агуулгийг та хэлж байна. Ноогдуулаад тайлагнасан, тэгсэн атлаа хуулийн хугацаандаа төлөөгүй зүйл дээр бид алданги, торгуулийг чөлөөлж байгаа. Түүнээс биш нуугаад, дараа нь шалгалтаар илэрсэн бол энэ хууль нөлөөлөхгүй юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Иргэдэд ийм тодорхой ярихгүй бол эргээд хүндрэл чирэгдэл, ойлголтын зөрүү үүсдэг. Хуульд нь алданги, торгууль гээд орчихсон учраас бүх төрлийн алданги, торгуулиас чөлөөлнө гэж ойлгоно. Гэтэл энэ үгнүүдээ хэлдэг байх ёстой. Ийм ийм торгуулиас чөлөөлнө шүү тайлбарлах хэрэгтэй. Бид нарын гаргаж байгаа хууль ямар нэгэн зай завсар байхгүй хүнд ойлгомжтой байх ёстой.