2020.12.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аж ахуйн нэгжүүд, 2 сая 512 мянган иргэн, компанийн үе үеийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, нийт ажилтан уурхайчид, тэдний гэр бүл, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүчээ болсон санхүүжигч ба охин компаниуд, худалдан авагч, түншлэгч, гэрээт болон туслан гүйцэтгэгч нийт компанийн удирдлага, хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе!
УИХ-ын 39-р тогтоол, Засгийн газрын 272 дугаар тогтоолоор эрх зүйн үндсийг нь тодорхойлж, Төрийн өмчийн хорооны 425 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн дүрмийг батлан, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ олгосноор компани байгуулагдаж, Засгийн газрын 2010 оны 12-р сарын 30-ны өдрийн шийдвэрээр тавантолгойн бүлэг ордод хамаарах ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй.
Компани анхны олборлолтын ажлаа 2010 оны 08-р сарын 26-ны өдөр эхлүүлэхдээ 45 ажилтан, уурхайчинтайгаар 6 техник, 18 гэртэйгээр эхлүүлж байсан бол өдгөө 902 ажилтан, уурхайчидтай, 3 охин болон санхүүжүүлэгч салбар компанитай, шууд 5700 ажлын байр, шууд бусаар 12000 ажлын байр бий болгож, Тавантолгойн бүлэг ордод хүчит техникийн дуу нүргэлж, төмөр замчин, тээвэрлэгч, уурхайчдын ажил өрнөж, ирээдүй өөд гэрэл татуулан тэмүүлцгээж байна.
Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийд өрсөлдөх хэмжээний томоохон уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөгжлийн хосолсон төсөл болон өргөжих замаа нээж, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан үзүүлэлтийг 2010-2020 оны III улиралд өссөн дүнгээр 1.89 их наяд төгрөгийн татвар, хураамж, шимтгэл төвлөрүүлж, төмөр замын төслүүдэд 1.7 их наяд төгрөг, “Тавантолгой түлш” ХХК-д нийгмийн хариуцлагын хүрээнд 260.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, сүүлийн 3 жилийн хугацаанд 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Манай хамт олон цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн олон улсын стандартыг чанд баримтлан, урт хугацааны буюу 10 жилийн хөгжлийн стратеги, А6-20 бизнес төлөвлөгөөг замнал болгож, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх алхмуудыг үе шаттайгаар хийж, дэд бүтцийн төслүүд болох төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, кокс-химийн үйлдвэрийг цогцлоон байгуулж, говийн бүсийн үйлдвэрлэл, ногоон хөгжлийн эхлэлийг тавьсан усан хангамжийн системийг нэвтрүүлж, олон мянган хүн амтай Эрдэнэсийн хотыг цогцлоон сүндэрлүүлэх Үндэсний их бүтээн байгуулалтыг Өмнийн говьд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ цагийн их үйлсийг бүтээгч уурхайчин хамт олон, хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, нийт охин болон туслан гүйцэтгэгч компанийн хамт олон та бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !
“УУЛ УУРХАЙ- ДЭД БҮТЭЦ-АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ”
ХӨГЖЛИЙН ЖИШИГ-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ