МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төсөл боловсруулах, санал өгөх lawmaker.parliament.mn системийг танилцууллаа
2020.12.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хуулийн төсөл боловсруулах, санал өгөх lawmaker.parliament.mn системийг танилцууллаа

Парламентын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй иргэдийн оролцоотой хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх цахим системийг олон нийтэд сурталчлан таниулах, Улсын Их Хуралд нэвтрүүлэх ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нар өнөөдөр (2020.12.22) хэвлэлийн бага хурал хийж, хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал өгөх lawforum.parliament.mn цахим системийг танилцууллаа.

Иргэдэд чанартай, шуурхай үйлчилгээг хүнд сурталгүйгээр үзүүлэх, хамтран ажиллах, нээлттэй байх зорилгоор Монгол төр үйл ажиллагаагаа цахим болгоход анхаарч, бүтээлч олон ажлыг эхлүүлээд байгааг хэвлэлийн бага хурлын эхэнд Ж.Мөнхбат гишүүн дурдсан.

Парламент шинэчлэлийнхээ хүрээнд  хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг бэлэн болгожээ. Ингэснээр хууль тогтоогчид иргэдтэйгээ хамтран хуулийн төслийг боловсруулах нөхцөл бүрдэж байгааг Ж.Мөнхбат гишүүн танилцууллаа. Системийн lawmaker.parliament.mn дэд хэсэг нь Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах талбар бол lawforum.parliament.mn дэд хэсэгт иргэд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт оролцох, төслийн зүйл, заалттай холбоотойгоор санал илэрхийлэх боломж бүрдэж байгаа аж.

Аливаа хуулийн төслийг боловсруулах үе шатанд иргэд, салбарын мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн оролцоо нэн чухал байдаг ч тэр бүр ажлын хэсэгт саналаа ирүүлж, хэлэлцүүлгүүдэд оролцох боломжгүй байдаг.

Харин энэ систем ашиглалтад орсноор иргэд сонирхсон хуулийн төслийн боловсруулалт, хэлэлцүүлгийн үе шатанд оролцож, бүлэг, зүйл, заалт тус бүр дээр саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгааг тэрбээр танилцууллаа. Хууль тогтоогчид lawmaker.parliament.mn системээс иргэдэд урилга илгээснээр төслийг боловсруулахад оролцох боломжтой юм байна. 

Улсын Их Хурлын гишүүд тойргийн иргэдтэйгээ уулзаж, хууль тогтоолын төслийн талаар мэдээлэл өгч, холбогдох саналыг нэгтгэн, уг системээр дамжуулан төсөлд тусгах боломж бүрдэж буй давуу талтайг Ж.Мөнхбат гишүүн онцлов. Энгийнээр хэлбэл, Зөвлөлдөх ардчиллын цахим хувилбарыг Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа бөгөөд lawmaker.parliament.mn системд одоогоор 95 хэрэглэгч бүртгэлтэй байгаа гэлээ.

Иргэд хамгийн хялбар хувилбараар буюу олон нийтийн сүлжээ, цахим хаягаараа дамжуулан lawforum.parliament.mn системд бүртгүүлж, хүссэн газраасаа Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх, сайжруулах, холбогдох зүйл, заалт дээр саналаа өгч, хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг тухай бүр жишиж харьцуулах боломж нээгдэж байгааг хэллээ.

Төрийн байгууллага хүнд сурталгүй, ажил хэрэгч, бүтээлч байж, бүх шатандаа иргэдийн оролцоог хангах шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар санаачлан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, сурталчлах цахим системийг ашиглалтад оруулснаараа парламентын түүхэнд, хууль тогтоох үйл ажиллагаанд шинэ хуудас нээж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат онцлон тэмдэглэв.

2019 онд Улсын Их Хурал “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-г баталсан бөгөөд алсын хараагаа ард түмний засаглах бүрэн эрхийг хангасан парламент болох хэмээн тодорхойлсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.

Тус стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын эрхэм зорилгыг хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, иргэдийн итгэлийг хүлээсэн, хариуцлагатай парламент байна гэж заасан юм. Улсын Их Хурлын үнэт зүйлийн суурь зарчим нь “нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоог хангах” явдал бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 онд парламентын цахим ардчиллыг хангах шаардлагатайг онцлон тэмдэглэж байсан. Энэ зорилт нь 8 дахь Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд биеллээ олж байгааг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглэв.

Энэхүү цахим систем нь тун оновчтой шийдэл, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэрбээр онцоллоо. Улсын Их Хурлын даргын дээрх санаачилгын үр дүнд өнөөдөр Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Байнгын болон Дэд, Түр хороод, чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар үргэлжилж байгаа юм.

Улсын Их Хурлын үйл ажиллагаа ийнхүү цахимаар, тасралтгүй үргэлжилж байгаа учраас хууль, тогтоолын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагааг цахим хувилбараар явуулах бололцоог бүрдүүлэх дээрх системийг нэвтрүүлж байгааг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглээд, иргэд хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад шууд оролцоотой байснаар засаглах эрхээ бүрэн эдлэх боломжтой гэв.

Ойрын хугацаанд Засгийн газраас Боловсролын багц хуулийн төсөл болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа lawforum.parliament.mn системээр дамжуулан иргэд саналаа оруулж, тухайн төслийн хэлэлцүүлгийн үе шат бүрийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой гэдгийг нэмж хэлэв. 

Тэрбээр, “Цаашдаа системийг хөгжүүлж, боловсронгуй болгосноор хууль батлах, төрийн бодлого шийдвэрийг боловсронгуй болгох үйл ажиллагаанд иргэд хууль тогтоогчидтой хамтран ажиллах боломж нээгдэж байгаагаараа нэн чухал ач холбогдолтой. Иргэд засаглах эрхээ төлөөлөөрөө дамжуулан эдлэхээс гадна шууд оролцох бололцоог бүрдүүлэхээр Улсын Их Хурал энэхүү инновацыг нэвтрүүлж, үйл ажиллагааны дэвшилт хэлбэрт шилжиж байгаа" гэдгийг тэрбээр онцлов. 

Ардчиллын үнэ цэнэ нь иргэдийн оролцоонд байдгийг Х.Булгантуяа гишүүн онцлоод, “Иргэд хууль, тогтоолын төслийн боловсруулалт, хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой байдаг.

Хууль тогтоомжийн тухай хуулийн зохицуулалтаар аливаа хуулийн төслийг 45 хоногийн хугацаанд олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх зохицуулалттай.

Гэвч иргэд хэрхэн, яаж оролцохоо мэддэггүй, оролцоо бага байсан. Парламентын шинэчлэлийн хүрээнд иргэдийн оролцоотой хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд өргөнөөр оролцож, нэгдэж, хамтрах бололцоо бүрдэж байна” гэв. Нийслэл, орон нутгаас төдийгүй гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд өөрсдийн сонирхож буй хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт оролцож, зүйл, заалт нэг бүр дээр саналаа илэрхийлэх боломжтойгоороо нэн чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглэсэн.

Ирэх 4 жилд Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомжийг шинэчлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон хууль, тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцэн батлах бөгөөд иргэд байгаа газраасаа оролцон, хамтран хэлэлцэх боломж бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа мэдээлэв. Эдгээр үйл ажиллагааг нэвтрүүлэхэд Инновац, цахим бодлогын байнгын хороо буюу тухайн үеийн Цахим бодлогын түр хороо онцгой хувь нэмэр оруулсан болохыг тэр онцолсон юм. 

Шинээр ашиглалтад орж буй дээрх системд ойрын үед Улсын Их Хурлаар хэлэлцэх, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байршуулах бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааныг зурагт, цахимаар үзэж байхдаа хэлэлцэж буй төслийн зүйл, заалттай холбоотой саналаа lawforum.parliament.mn системд шууд илэрхийлэх, хамтран хэлэлцэх боломж нээгдэж буйг Х.Булгантуяа гишүүн онцоллоо.

Монгол Улсад Зөвлөлдөх ардчиллын зарчим бодитойгоор хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч буйг Б.Жаргалмаа гишүүн тэмдэглэлээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, олон нийтийн саналыг нэгтгэн боловсруулж төсөлд тусгаж байсан жишээг тэрбээр дурдав. Мөн Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах шатны хэлэлцүүлгийг хоёр сарын турш нээлттэйгээр, бүх шатанд, улс орон даяар, талуудын оролцоог бүрэн хангасан хэлбэрээр зохион байгуулж байгааг хэллээ.

Монголын төр хуулийн төслөө иргэдтэйгээ хамтран боловсруулж, хэлэлцдэг жишиг тогтож эхэлж байгааг дээрх жишээнүүдээс харж болох бөгөөд Зөвлөлдөх ардчиллыг бататган бэхжүүлэхэд технологийн дэвшлийг ашиглан, иргэн бүрд хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг нээж буйг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Системд байршиж буй хуулийн төслийг бүхэлд нь, эсвэл тухайн бүлэг, зүйл, заалтыг сонгон санал, сэтгэгдэл бичихийн зэрэгцээ дагаж (follow), тухайн төсөл, бүлэг, зүйл, заалтын өөрчлөлтийн мэдээллийг тухай бүрд нь хүлээн авахаас гадна бусдын бичсэн саналыг дэмжих, эсэхээ илэрхийлэх (like, dilike, comment) боломж lawforum.parliament.mn системд нээлттэй байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан.

Мөн төслийн мэдээлэлд засвар, өөрчлөлт оруулахад үндсэн мэдээлэл өөрчлөгдөхгүйгээр хувилбарын жагсаалт үүсэж, шатлан хадгалагдах тул хэрэглэгч хуулийн төслүүдэд өгсөн өөрийн саналуудыг нэгтгэн харах, төслийн сүүлийн болон өмнөх хувилбаруудыг харьцуулан үзэх боломжтой гэдгийг тэрбээр танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ