МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Улстөр

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг эцэслэн баталлаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2019 оны арванэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй хуульд шинэчилсэн найруулгын болон нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Үүний нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль юм.

Уг хуулийн нэгдэх том дэвшил нь орон нутгийн шат шатны нэгжүүдийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгож өгсөн. Үүгээрээ өмнөх хуулиудаас нэлээд онцлогтой.

Хоёрдугаарт, энэ хуулиар орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Санхүү, төсөв, боловсон хүчний эрх мэдэл, байгаль орчин, газар эдэлбэр зэрэг орон нутгийн томоохон чиг үүргийг энэ хуульд тусгасан. Ингэснээр орон нутаг цаашид бие дааж хөгжих бүрэн бололцоо бүрдсэн гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хууль төслийг боловсруулах ажил сүүлийн хоёр жил үргэлжилсэн. Энд ажилласан олон хүн бий. Энэ хуулийг хоёр парламент, гурван чуулган дамжин хэлэлцэж баталлаа” гэв.

Хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Энэ бол орон нутгийн ажил, амьдралыг зохицуулах суурь хууль юм. Хуулийн хамгийн гол үзэл санаа нь орон нутагт чиг үүрэг өгсөн явдал. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталснаар энэ хуулийг дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт оруулах нүсэр ажил эхэлж байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг тусгайлан гаргахыг энэ хуульд заасан. Энэ хуулийг 2022 оны нэгдүгээр сараас мөрдөх эхэлнэ" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ