Түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ
2020.12.25
Эдийн засаг, Худалдаа

Түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ.

Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ