Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.25
Эдийн засаг, Худалдаа

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив. 

Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ