Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.25
Эдийн засаг, Худалдаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан.

Энэ үндсэн дээр боловсруулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төслийн  1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар хуулийн төсөл нь ирэх оны эхний хагас жилийг дуусталх хугацааг хамарч байгаа, гэтэл одоо нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлж, тайлан мэдээгээ гаргаад явж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хуулийн үйлчлэлд хамаарахаар тусгагдсан нь оновчтой зохцуулалт биш юм гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж байв.

Иймээс эдгээр гишүүд хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэснийг “2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

ШИНЭ МЭДЭЭ