МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүүхийн хараат бус байх зарчмыг гажуудуулсан эдгээр заалтыг хүчингүй болгоно
2020.12.25
Хууль, эрх зүй

Шүүхийн хараат бус байх зарчмыг гажуудуулсан эдгээр заалтыг хүчингүй болгоно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. 

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан Шүүхийн багц хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх дүгнэлт гаргах эрх хэмжээг оруулаагүй нь Засгийн газраас шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээ, дур зоргыг хязгаарлах ёстой гэх бодлогоо нэгэнт зарласан хэрэг гэж үзэж байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасныг төсөл санаачлагч гишүүн Б.Энхбаяр танилцуулав.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Учир нь Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан бөгөөд Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргахаас бус тэдгээрийг томилох, чөлөөлөх саналыг өөрөө гаргах, тийнхүү санал дүгнэлт гаргах урьдчилсан үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар оролцох бүрэн эрх байхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүх шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах эрх хэмжээг гагцхүү Шүүхийн сахилгын хороонд олгосон байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар эдлэх шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэж буйгаа тэрбээр онцлов.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль зүйн хүчин чадлын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрээс доогуур эрэмбэлэгдэж, гагцхүү зөвлөмжийн шинж чанарыг агуулна. Гэтэл хууль зүйн хүчин чадалгүй зөвлөмжийг үндэслэн шүүгч, Монгол Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгож байгаа нь Үндсэн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан байна.

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээ олгож, төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хууль ёсны зарчим, шүүхийн хараат бус байх зарчмыг гажуудуулсан эдгээр заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй юм. Төсөлд бүх шатны шүүхийн шүүгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох, Ерөнхий шүүгчдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар хэлэлцэх зохицуулалтыг хасахаар зохицуулжээ.

Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь тус тус 2 зүйлтэй. Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч болон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зүйн хүчин чадалгүй, зөвлөмжийн шинж чанар агуулсан зөвлөмж гаргаж бүрэн эрхийг нь Үндсэн хууль, бусад хуульд үндэслэхгүйгээр дуусгавар болгох, огцруулах зохицуулалтыг хасахаар тусгажээ. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Үндсэн хуулиар олгоогүй эрх хэмжээ хязгаарлагдаж, Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан суурь зарчимд нийцнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Т.Доржханд, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Н.Ганибал нарын гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, С.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 43 нь буюу 64.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ