МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээж байгаа бол хүнлэг иргэнээ бэлтгэх ёстой
2020.12.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээж байгаа бол хүнлэг иргэнээ бэлтгэх ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.


-Хүмүүнлэг боловсролын тухай хуульд орж буй гол зохицуулалтууд нь юу вэ?

-Өнгөрсөн жил Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүд уг хуулийг санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцүүллээ. Миний хувьд Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Харин одоо боловсруулсан байгаа энэ хуулийн төслийн агуулгад хуулийн нэршлээс эхлээд нэлээдгүй өөрчлөлт оруулах шаардлага байна гэж харж байна. Нэрийг нь өөрчлөөд бие даасан хууль хэвээрээ явах уу, эсвэл боловсролын багц хуулийн нэг бүлэг болгох уу гэдэг дээр дахин хэлэлцэх шаардлагатай гэж байнгын хорооны гишүүд үзсэн.

-Хүүхэд, залуучуудыг ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай, ёс суртахуунтай болохыг энэ хуулиар зохицуулна гэсэн. Үүнийг зарим гишүүд шүүмжилсэн. Ёс суртахуун, ёс зүйг хуульчилж болох уу. Үүнд та ямар суурьтай байна вэ?

-Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ёс зүйг хуульчилж болно, хуульчилсан ч байгаа. Ёс суртахууныг бол болохгүй. Харин ёс суртахууныг заахыг дэмжих, сурталчлах, бодлого боловсруулах ажлыг бол хуульчлах ёстой. Товчхондоо хэлэхэд энэ хуулийн үзэл баримтлал бол яг тийм л зорилготой байна.

-Хуульчилсан бусад улсын жишиг юу байдаг вэ?

-Монгол Улс өөрөө энэ жишгийг дэлхий нийтэд харуулж байх ёстой улс гэж би боддог. Манай улсад хэдэн мянган жил тогтсон, уламжилж ирсэн гэр бүлийн хүмүүжил, хүүхдийг багаас нь ёс суртахууны өндөр боловсролтой, ахас дээдсээ хайрладаг, настан буурлуудаа хүндэлдэг энэ зарчим бол дэлхийд үлгэр болохуйц хүмүүнлэгийн тогтолцоо байгаа юм. Сүүлийн үед хүмүүс еврей хүмүүжлийн талаар их жишээ авах дуртай болчихож. Гэтэл бидэнд түүнээс урт, түүнээс баялаг хүмүүжлийн уламжлал байна шүү дээ. Талархууштай нь энэ зан заншил, хүмүүжлийн арга барил устаж үгүй болчихоогүй байна. Харин он жил өнгөрөх тусам бидний үе дээр улам бүдгэрч байгаа нь харамсалтай. Үүнийгээ л бүгдээрээ сэргээж, уламжлуулах талаар л яриад байгаа юм шүү дээ. Тодруулж хэлбэл, бид шинэ зүйлийг гаргаж ирээд байгаа юм биш, харин алдагдсан уламжлалаа буцаан сэргээх талаар л яриж байгаа юм. Өнөөдөр өндөр хөгжилтэй улсуудын жишээг аваад үзэхэд хүүхдүүддээ ийм л хүмүүжил олгохын тулд хэдэн зуун саяын төсөв хөрөнгөтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна шүү дээ. Би өнгөрсөн онд АНУ-д айлчилж, зан заншлын хөтөлбөр хэрэгжүүлдэг олон байгууллага, академийн удирдах түвшинд уулзалт хийсэн. Тэдний зорилго нь “Улс үндэстнийхээ ирээдүй хойч үеэ яаж зөв, өв тэгш, бусдыг хайрладаг, зөв хүмүүжилтэй иргэн болгох вэ” гэдэгт чиглэж байна.

-Энэ хуулийн 10.7.4-т “Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж алдаршуулах ажлыг зохион байгуулна” хэмээн заасан. Хүүхдийг сайн муугаар нь ялгаварлан гадуурхах байдал гарахгүй юу. Та үүнийг юу гэж харж байна?

-Өмнө хэлсэнчлэн энэ хуульд нэршлээс эхлээд өөрчлөх сайжруулах зүйлс их байгаа. Миний хувьд энэ хуулийн ажлын хэсэгт анхнаасаа ороогүй байсан. Харин үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Цаашид ажлын хэсэгт орж хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн. Хүний хөгжлийг дэмжих, хүний эрхийг дээдлэх зэргээр нэлээдгүй өөрчлөлт хийгдэнэ гэж харж байна. Дээрх заалтыг хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж байна.

-Та энэ хуулийн төслийг “Хүний хөгжлийн хууль” болгоё гэж хэлэлцүүлэг дээр хэлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Бид өнгөрсөн 30 жил хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорьж яваа мөртлөө тэр нийгмийг байгуулах “хүнлэг иргэн” бэлтгэх бодлогоо гээсэн. 30 жил бид эдийн засгийн хөгжил ярьсан. Харин хүний хөгжлийн бодлогоо орхигдуулсан. Өвөг дээдсийнхээ хүнээрээ хүн хийх ухаан, бүр онцлоод хэлбэл монгол дотортой, ёс жудагтай монгол хүн бэлтгэх тогтолцоо алдсан гэж харж байна. Дипломын боловсролыг хөгжүүлсэн боловч хүний мөн чанар, хүн байх emotional in­telligence буюу зүрх сэтгэлийн боловсролыг мартсан. Тийм ч учраас өнөөдөр Монголын нийгмийн бүх салбарт ёс зүй, ёс суртахуун ус агаар шиг дутагдаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050-д “хүний хөгжлийн бодлого” номер нэгт тавигдаж байгаа. Өнгөрсөн 30 жилийнхээ түүхээ үнэлж дүгнээд ирэх 30 жилийн алсын хараагаа тодорхойлж байгаа энэ хариуцлагатай цаг үед хүн рүүгээ чиглэсэн, хүнээ хайрлаж дээдэлсэн хөгжлийн бодлогоо тодорхойлж, хугацаа алдахгүй ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд дан ганц төр төдийгүй эцэг эх, монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Жишээлбэл, төрийн түшээ бид, мөн төрийн албан хаагчид авлига ашиг сонирхлоос ангид байж, ёс зүйг эрхэмлэн дээдэлж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодож явдаг. Тиймээс энэ хуулийг монгол хүний хөгжлийн бодлогыг дэмжсэн хууль байгаасай гэж үзэж байгаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

ШИНЭ МЭДЭЭ