2020.12.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Булган, Төв, Сэлэнгэ аймагт өвөлжиж байгаа отрын малчдад түлшний дэмжлэг үзүүллээ
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндхэн байгаагаас 1900 гаруй малчин өрхийн 1.0 сая гаруй мал гадны аймагт оторлож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар өнгөрсөн долоо хоногт Булган, Төв, Сэлэнгэ аймагт өвөлжиж байгаа отрын малчдыг эргэж, түлшний дэмжлэг үзүүллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Миний очсон Төв аймгийн Заамар, Цээл, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын зарим газраар цас нэлээд орсон ч хаа хаанаа мал гоочлох өвстэй л байна. Малчид ч энэ намар эртнээс ярьж хэлсний хүчинд хөөгдөж туугдахын зовлонгүй амар байна гэцгээж байсан.
Ихэнх малчид цагийн эртэд алсын оторт гарсан болохоор өвөлжих газраа олж, бага сага өвс тэжээл зэхээд авсан айлтгүй, харин холын улсад түлш л хэцүүхэн байдаг тухай малчид ярьж байсан юм. Тиймээс гишүүд орон нутагтай хамтраад отрын малчдыг түлшээр хангах ажлыг энэ жил дахин зохион байгууллаа. Нэг өрхөд 250 кг нүүрс гэдэг аргал хөрзөнгийнхөө жийрэг болгоод хэрэглэхэд овоо хэд хоног хүрэлцэхээр байна гэж малчид талархан хүлээн авч байлаа.
Харин зарим нэг сум тухайлбал, Төв аймгийн Цээл, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуулд өвөлжиж байгаа малчдаас орон нутаг нь бэлчээрийн төлбөр нэхэж байгаа гэнэ. Хонин толгойд шилжүүлснээр сард нэг малаас 100 төгрөг авна гэсэн, зарим нь ч өгсөн гэж байлаа.Отор хүлээж авсан сумдад малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг болгон тодорхой хэмжээний санхүүжилтийг аймаг, сумд гэрээ байгуулан олгож байхаар болж уг ажил ч мөн амжилттай үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: малчдадаа ийм төлбөр хураамж авах хууль байхгүй учраас өгөхгүй байж болно, харин ирэх оноос хэрэгжиж эхлэх малын тоо толгойн татварыг орон нутаг шийдэхдээ, отроор өвөлжсөн газартаа тодорхой хэмжээнийх нь татварыг өгдөг байхаар зохицуулах боломжтой.
Мөн Засгийн газраас шийдвэр гарч Улсын нөөцөөс Өвөрхангай аймагт 400 тн өвс үнэгүй, 300 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөхөөр болсон байна.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05