МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа
2020.12.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

ТӨСӨЛД,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Харин өнгөрсөн 7 хоногт хуралдсан чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Уг асуудал Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ч гишүүдийн олонхийн дэмжлэг авсан тул өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн, эцэслэх юм.

Төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уншиж танилцууллаа.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн гэв.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсэн аж ахуйн нэгжүүдийг эл хуулийн үйлчлэлд хамруулахгүй байх санал нь тусгагдсан эсэхийг лавласан. 2020 оны 11, 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тайланг үнэн зөвөөр мэдүүлсэн ч төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон эсэхээр аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах нь зохисгүй хэмээн үзсэн тул бүх байгууллага хамруулахаар зохицуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, төслийг танилцуулж байхад 10 аж ахуйн нэгжийг хамруулан 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн гэж байсныг дурдаад байгууллагуудаас энэ төрлийн хүсэлт ирүүлсэн эсэхийг тодрууллаа. Дээрх төрлийн зохицуулалт бүхий хууль өмнө нь 2020 оны 4 дүгээр сард батлагдахдаа 2 болон 3 дугаар сарын тайланд үндэслэн хэрэгжсэн. Ингэснээр 6.1 мянган байгууллага 13.9 тэрбум төгрөгийн алданги, торгуулиас чөлөөлөгдсөн. Мөн 4-10 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 10.01-ний өдрөөс тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар төлөгдөх бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүдээс бүрэн чөлөөлөгдөх юм байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хуулийн үйлчлэлийн хугацаанд холбогдох дүн шинжилгээ хийж, дээрх тооцооллыг гаргасан байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 2 дугаар зүйлийг хасах уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 нь дэмжив. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу тус хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явууллаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцож, 72.5 хувь нь буюу 50 гишүүн дэмжсэнээр хууль батлагдав.

ШИНЭ МЭДЭЭ