МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Малчид болон зарим иргэд НДШ нөхөн төлөх хугацааг сунгах хэрэгтэй
2021.01.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Бат-Эрдэнэ: Малчид болон зарим иргэд НДШ нөхөн төлөх хугацааг сунгах хэрэгтэй

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулиар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болсон. Гурван жил үргэлжилсэн уг хуулийн хэрэгжих хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 1 нд дуусаж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Малчид болон хувиараа НДШ нөхөн төлөх хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Байнгын хорооноос энэ хугацааг сунгах саналыг Засгийн газарт өгсөн байгаа. Энэ хүнд нөхцөлд ялангуяа оны төгсгөлд нөхөн төлөх боломж хомс байсан. Тиймээс энэ хугацааг сунгах санал боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэдэд эрэлттэй байсан энэ хуулийн хугацааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа иргэдийн төлөөлөл комментээр санал, хүсэлтээ ирүүлжээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр иргэн гурван төрлийн тэтгэвэр авах боломжтой болно. 

Нэгдүгээрт

Тодруулбал, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчин байсан 55 настай эрэгтэй, 20жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчин байсан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. 

Хоёрдугаарт:

тахир дутуугийн тэтгэвэр буюу өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Хуулиар хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнөх гурван жил тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. 

Гуравдугаарт:

тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд буюу хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой. Тодруулбал, иргэн нас барахынхаа өмнө 3 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог юм.

ШИНЭ МЭДЭЭ