2021.01.05
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Дөрвөн жилд нэг удаа 518 шүүгч чуулж тодорхой асуудлыг хэлэлцэж байх болно

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Ажлын хэсгийн гаргасан саналд агуулгын хувьд зөрчилдөх зүйл нэг ч байхгүй. Энэ санал бол анх ажлын хэсгийн гишүүн А.Алтанхуягаас гарч байсан. 510 гаруй шүүгчдээ нийтэд нь дөрвөн жил тутамд нэг удаа хуралдуулаад Үндсэн хуулийн байгууллагууд болох Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хороонд орох хүмүүсээ сонгох эрхийг нийт хуралдаанд шийдхээр байгаа юм. Хуралдаан гэдэг нь шүүх хуралдаануудыг, хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байгаа хуралдаануудыг хэлж байгаа. 

Нэр томъёоны хувьд үүнийг нийт шүүгчдийн чуулган гэж нэрлэхгүй бол бүх шүүхийн хуралдаануудаас ялгагдахгүйгээр уншигдаад байгаа юм. Зөвлөгөөн гэхээр өмнө нь зөвлөгөөний тухай яригдсан. Зөвлөгөөн бол илүү захиргааны шинж чанартай нэршил байгаа юм.

Тэгэхээр би зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Ажлын хэсгийн гаргасан бүх томъёололуудтай санал нэг байгаа бөгөөд нийт шүүгчдийн хуралдаан гэдгийг нийт шүүгчдийн чуулган гэж нэрлэе. Энэ бол дөрвөн жилд нэг удаа хуралдана. Энэ хуралдааны үндсэн зорилго чиг үүрэг бол Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүгчдийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчдийг сонгож огцруулах эрх эдэлж байгаа. Энэ бол тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэдэг чиг үүрэггүй. 518 шүүгч дөрвөн жилд нэг удаа чуулж байгаа. Чуулаад тодорхой асуудал хэлэлцээд сонгож, нэр дэвшүүлээд л энэ хурлын зорилго хангагддаг. Бусад шүүхийн тухай хууль дээр дандаа хуралдаан гэсэн нэр томъёо яваад байгаа учраас гишүүд үүнийг дэмжиж өгөөрэй гэсэн санал оруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ