Монгол улс 2020 онд 28.5 сая тонн нүүрс экспортолсон байна
2021.01.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монгол улс 2020 онд 28.5 сая тонн нүүрс экспортолсон байна

ЭНЭ ОНЫ ЭХНЭЭС 12-Р САРЫН 27 ХҮРТЭЛХ ХУГАЦААНД МОНГОЛ УЛС 28.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА.

Оны эхнээс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 28.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь “COVID-19”-ийн өмнөх төлөвлөгөөнд хүрээгүй ч цар тахлын дараах төлөвлөгөөнөөс давжээ.

Нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт хамгийн ихдээ 375 автомашин, хамгийн багадаа 140 автомашинаар нүүрс экспортолж гаргасан байна. Долоо хоногийн дунджаар өмнөх долоо хоногоос 5.3 хувиар нэмэгджээ.

Шивээхүрэн боомтоор нүүрс гаргасан автомашины тоо долоо хоногийн нийт үзүүлэлтээр өмнөх долоо хоногоос 32 хувиар буурсан байна. Харин Ханги боомтынх 35 хувиар өссөн талаар гаалиас мэдээллээ.

БНХАУ Австралийн нүүрсний импортыг хориглох шийдвэр гаргахтай зэрэгцээд Монгол Улсаас экспортолж буй нүүрсний Ганцмод боомтын агуулах дахь үнэ өсөж байгааг “SXCoal” мэдээлж байгаа юм. Мөн коксжих нүүрсний нийлүүлэлтээр Монгол Улс Австралийг давах боломж гарч ирж байгааг таваарын шинжээчид онцолж байна.

Тухайлбал, 11 дүгээр сарын байдлаар БНХАУ Австралиас 0.25 сая тонн нүүрс авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 90 хувиар буурчээ. Аравдугаар сарынхаас 84 хувиар бага байна. Энэ жилийн хамгийн бага үзүүлэлт болж байна.

11 дүгээр сард Монгол Улс болох ОХУ-ын тухайд коксжих нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлж, нийт импортынх нь 81.2 хувийг хангажээ. 11 дүгээр сард Монгол Улс дангаараа 2.49 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн бол ОХУ 0.53 сая тонныг нийлүүлсэн байна. БНХАУ оны эхний 11 сард нийт 265 сая тонн нүүрс импортоор аваад байгаа нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар бага байгааг тус улсын гаалийн газар мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ