МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнх-Оргил: Зайнаас болон гэрээс ажиллах зохицуулалтыг хуульчилсан

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ гээд өргөн барьсан хуулийн 32-р зүйлийг гэрээсээ ажиллах ажилтаны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ гээд хоёр тусдаа зүйл болгоод салгасан юм. Зайнаас ажиллана гэдэг нь телевөрк буюу онлайн ажиллаад байгаа зохицуулалт. Ажил олгогчийн оффис дээр ажиллахад адилхан үүрэг хүлээнэ, цалин хөлс бүх юм хэвээрээ байна гэсэн зохицуулалт байгаа.

Гэрээсээ гэдэг нь үйлдвэрлэл явуулдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэсэгчилж үйлдвэрлэдэг,  үйлдвэрлэсэнийхээ тоо ширхэгээрээ авдаг зохицуулалтууд байгаа. Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээнд анхаарал хандуулах хоёр зүйл байна. Ажилтан хэдийгээр гэрээсээ ажиллаж байгаа ч ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн аюулгүй байдлыг ажил олгогч шалган, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгнө. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажил олгогч хариуцах ёстой гэдгийг зааж өгч байна.

Энэ хуулийн 6-р бүлэгт ажил, амралтын цаг үйлчилэхгүй юм. Бидний хуулиар амралт, ажлын цагийг маш нарийн зохицуулсан байдаг. Яагаад гэвэл ажил олгогч нь хагас, бүтэн сайнд ажиллаж байгаа үгүйг ажил олгогч зохицуулах боломжгүй учраас энэ заалтууд үйлчилэхгүй.

Зайнаас ажиллах харилцаанд эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан бол тэр зардлыг нөхөж өгнө, үүнтэй холбоотой зардал гарвал ажил олгогч нь хариуцана гэсэн заалтууд явж байгаа. Цаашдаа ажил эрхлэлтийн шинж чанар өөрчлөгдөх юм. Зайнаас ажиллах Хөдөлмөрийн гэрээний төрлийн хувьд нэлээн газар авч өргөжих хандлагатай юм гэж харж байна. Одоогоор энэ хоёр хуулийг тусгаад шаардлагатай бол тодруулах заалтууд орно. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.

Өөрийнхөө тоног төхөөрөмж, багаж хэрэгслээрээ ажил үйлчилгээ хийж ашигласан тохиолдолд яах вэ?

Хуулийн заалтын 6-р зүйл үйлчилэхгүй гэчихээр ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах харилцаа өөр юунд зохицуулагдах вэ? Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад ажил, амралтын горим зохицуулагдах гэхээр гэрээг нь гүйцэтгүүлэх нь адилхан болоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Жишээлбэл: зайнаас ажиллаж байгаа ажлаа хийхийн тулд илүү өндөр хурдтай интернет ашиглаж болно. Илүү хурдтай интернет ашигласан илүү зардалыг ажил олгогч олгох ёстой. Өндөр хүчин чадалтай компъютер авсан бол хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч нь компъютерийн зөрүүг өгөх эсвэл мөнгийг нь өгөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ