2021.01.07
Хууль, эрх зүй
Д.Тогтохсүрэн: Шүүх амьдрал мэдэрч байж шийдвэр гаргах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Хоёр парламент дамжаад явж байгаа хууль. Ажлын хэсэг сүүлийн 2-3 сар сайн ажиллаж байгаа. Энэ хуулийн гол нь нийгэмд шударга ёс тогтоох зорилготой.
Хуулийн төслийн 14-р зүйл дээр шүүхийн тогтолцоог зааж өгсөн. 14-3 Шүүхийг эрүү,иргэн,захиргаа гэж төрөлжсөн байна гэж заасан. Энэ заалтыг ажлын хэсэг авсан. Цаашдаа төрлийн дээд шүүх өөрөө тогтоогоод явах уу? 14-4 Анхан болон тойргийн журмаар шүүхээ байгуулж болно гэж байгаа.
Өнөөдөр Монгол улсад шүүх засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ дагаж байгуулагддаг. Шүүх хүний эрхийг хангадаг, хүний эрхийг хамгаалдаг учраас иргэдэд аль болохоор ойр байх ёстой. Энэ хуулийг гарсны дараа анхан болон давж заалдах шатны шүүхүүд одоо байгаа бүтэц өөрчлөгдөх үү?
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:
Одоо эрүү, иргэн, захиргаа гэж явж байгаа. Цаашдаа задрахыг үгүйсгэхгүй. Магадгүй авилгын шүүх гэж гарч болзошгүй. Эсвэл хүүхдийн эсрэг гээд дагнаж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бусад улс оронд байдаг шиг. Эцсийн шийдвэр УИХ гаргана. Аймаг, сумдын бүтцэд өөрчлөлт орохгүй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
18-1-4,5 дээр иргэний оролцоог бий болгож байсан. Шүүхэд иргэн хүн гомдол мэдүүлдэг,санал хэлдэг, шүүмжилдэг байсан. Үүнийг хассан байна. Шүүх амьдрал мэдэрч байж шийдвэр гаргах ёстой.
40-р санал дээр Нийгмийн даатгал,Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг зүйлийг энэ хуулиар зохицуулахаар оруулжээ.
Ажлын хэсгийн төлөөлөгч: Ц.Цогт шүүгч
Шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүхтэй байх нь Монгол улсын үндсэн хуулиар бататгасан. Шүүх байгуулах хуулиар шүүхүүд байгуулагдаад ажиллаж байгаа.
Иргэдийг хүлээж авах асуудалтай холбоотойгоор шүүхийн явцад хэргийн оролцогчидтой дангаараа уулзахыг хориглосон.Хэргийн оролцогч бус шүүхэд аливаа асуудал хэлэхийг Шүүхийн тамгын газар зохион байгуулаад хүлээж авах боломж бий.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05