МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Ц.Сэргэлэн: Хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд пракикт ойр хүнийг сонгох нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Хуулийн заалтын 35, 36-р заалт дээр хамгийн чухал амин сүнс явж байгаа. Ер нь шударга шүүхээр шүүх иргэний эрхийг хангахад л энэ шүүхийн хуулийн гол зорилт явж байгаа. Шүүх хараат бус байх, нээлттэй, шударга байх, үнэн бодитой шийдвэр гаргана гэдэг бол миний ойлгож байгаагаар 1937 оныг дахин давтуулахгүй байх баталгааг бий болгоход томоохон алхам хийж байна гэж хэлж болж байна.

Шүүгчийг томилох, сонгон шалгаруулах асуудал бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүмүүсийг гаргаж ирэх асуудал. Энэ 36-р зүйл дээр тодорхой бичсэн байна. Төрийн байгууллагын аль ч салбар байсан ер нь тухайн салбарын мэргэшсэн ноён нуруутай, хүлээн зөвшөөрөгдсөн, онолын өргөн мэдлэгтэй, практиктай хүнийг тухайн салбарынхан л мэднэ. Шүүхийн салбарынхан энэ хүнийг гаргаж ирж чадна. Энэ бол хамгийн шударга зарчим гэж ойлгодог.

Ийм учраас дэмжиж би үг хэлж байна. 1937 он бол хэлмэгдэлийн он жил байсан юм. Хүнд хамгийн хүндээр тусдаг асуудал бол хэлмэгдсэн, хэлмэгдэх асуудал. Хийгээгүй хэргийнхээ төлөө шүүгдэх, хардагдах, сэрдэгдэх, гүтгүүлэх асуудал. Үүнийг байлгахгүйн тулд энэ хуулийн амин сүнс яваа гэж би ойлгож байна. Тэнгэр хол, газар хатуу үе хүнд тохиолдвол хамгийн хэцүү үе энэ хэлмэгдүүлэх үе байдаг. Тэгэхээр үнэний шалгуур бол практик. 

ШИНЭ МЭДЭЭ