Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-аас зээл аваагүй. АТГ шалгаж тогтоосон
2020.08.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-аас зээл аваагүй. АТГ шалгаж тогтоосон

ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар дуулиан, шуугиантай томилогдоод удаагүй байна. Хэдий богино хугацаа ч тэрбээр хэрэглэгчийн санал, гомдлыг цахимаар авах ажлыг эхлүүлж, “Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй” акцыг санаачилснаас гадна сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой зохицуулалт, ломбард, банк, бус санхүүгийн байгууллага, банкны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтад хяналт тавин, хуулийн дагуу шаардлага тавьж иргэдийн гомдлыг барагдуулахаар шуурхайлан ажиллаж байна. Мөн төрийн албаны хүнд суртлыг арилгах чиглэлд манлайлал үзүүлж буй түүний үйлдэл, шийдвэрүүд сүүлийн өдрүүдэд олны дэмжлэгийг аваад байгаа юм. Тиймээс ч иргэдийн дунд “О.Магнайгаас хойш ШӨХТГ-ыг “амь оруулах” дарга нь Б.Бат-Эрдэнэ болох нь уу” гэж хүн байна.

Жижиг статустай ч том агуулгыг хариуцдаг ШӨХТГ гэх газрыг ирэх дөрвөн жил удирдахдаа юунд зорьж, ямар амбицтай ажиллахыг нь түүнээс асуулаа.


-БИ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД “НУХЛУУЛЖ” СУРСАН. ЭНЭ САЛБАРТ ШИНЭ ХҮН БИШ-

-Тантай уулзахаар хүлээх зуур нэг зүйлийг анзаарлаа. Таныг ажлын өрөөндөө юу хийж, хэнтэй уулзаж байгааг өрөөний тань гадна байрлуулсан дэлгэцээр харж болдог юм байна. Яагаад хүмүүст өөрийгөө нээлттэй харуулах шийдвэрийг гаргасан юм бэ?  

-Намайг ажлын өрөөндөө бий эсэхийг иргэд хараад, хянах юм. Өмнө нь иргэд даргын өрөөний гадна хүлээдэг байсан. Харин одоо даргыг ажилтай, уулзалттай эсэхийг харж, хянадаг болсон гэсэн үг. Бид иргэдэд зориулан уулзалтын өрөөг засч байна. Тус өрөөнд түр ч болтугай хөлөө амраагаад сууж байг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг зорьдог бол хэрэглэгчийн эрхийг хамгийн ихээр дээдэлдэг байгууллага л байх ёстой. Шударга, иргэнийхээ талд л ажиллах ёстой.

-Та ШӨХТГ-ын даргын ажлыг хүлээж аваад удаагүй ч маш идэвхтэй ажиллаж харагдана. Энэ байгууллагад ирээд хамгийн түрүүнд юуг засч сайжруулж, шинэчлэх шаардлагатай гэж бодов?

-Баярлалаа. Миний хувьд өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, У.Хүрэлсүх сайдыг Шадар сайд байхад зөвлөхөөр нь ажиллан агентлагуудыг хариуцаж байсан. Тэгэхээр энд ирээд ажилтайгаа танилцана гэж цаг хугацаа зарах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, мэргэшсэн хүн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “нухлуулж” сурсан.

Нэн тэргүүнд УИХ-д өргөн баригдсан “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг буцаан татах асуудлыг бид Засгийн газрын түвшинд ярилцаж байна.

-Нэгэнтээ УИХ-д өргөн барьсан хуулиа яагаад эргүүлэн татах болов?

-2020 оны сонгуулиас өмнө буюу шинэ Засгийн газар, УИХ байгуулагдахаас өмнө энэ хуулиуд өргөн баригдсан. Гэтэл өнөөдөр хоёр нөхцөл байдал шинээр бий болоод байна шүү дээ. Нэгдүгээрт, Соёлын яамтай болсон. Соёлын өрсөлдөөнийг яаж зохион байгуулахыг бид судалж дээрх хуулиудад тусгах ёстой. Хоёрдугаарт, Инновац цахим бодлогын байнгын хороог УИХ-д шинээр байгуулсан. Блокчэйн технологид тулгуурласан мэдээлэл технологийн компаниуд болон мэдээллийн баазуудтай бид яаж ажиллах юм. Энэ мэт асуудлыг хуульд зайлшгүй тусгах ёстой. Мөн ШӨХТГ-ын бүтэцтэй холбоотой асуудлыг засч, янзлах шаардлага бий. Бүтэц гэхээр л учиргүй их халаа, сэлгээ хийхийг ойлгодог гэтэл тийм биш юм.

-Тодруулбал,

-Хууль эрх зүйн дотоод хяналтын бүтэц энэ байгууллагад зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдөр удирдамжийн дагуу улсын байцаагч шалгалт хийж, торгууль тавьж, түүнийгээ шүүхийн шатанд хамгаалж байна. Энэ хэлбэрийг олон улсад авилгын асуудалтай холбон үздэг. Тэрбум төгрөгөөр торгуулсан компани шүүхийн шатанд улсын байцаагчийг авлигадахыг үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр дээрх бүтэц шаардлагатай.

Мөн ШӨХТГ нь тохируулагч агентлаг. Дээрээ бодлого зангиддаг яамгүй, Шадар сайдын харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Тохируулагч агентлагийн онцлог нь тухайн салбарын бодлогыг зохицуулдаг, баздаг. Тиймээс салбарын бодлого яаж явагдаж буйг сайн харах ёстой гэсэн үг. Тэгэхээр манай байгууллагад стратеги төлөвлөлт, бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг бүтэц алга. Энэ хоёр бүтцийг шинээр байгуулна. Мөн ШӨХТГ-ын дор Төрийн захиргаа удирдлагын газар байна. Газрын дор газар байгуулчихсан байна. Угтаа бол тамгын газар л байх шаардлагатай. Мөн Өрсөлдөөн бодлого зохицуулалтын газар байна. Энэ нь иргэдэд төөрөгдөл үүсгэнэ гэж би харж байгаа. Тэгэхээр бүтэц дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж харж байна.

-ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯВУУЛНА-

-Зарим албадынхаа нэрийг өөрчлөх, нэмж ганц, хоёр бүтэц бий болгох юм байна. Харин ажилтнуудыг халж, сэлгээд жигтэйхэн бужигнуулахгүй гэж ойлголоо. Зөв үү?

-Манай байгууллага 36 ажилтантай. Гэтэл хэрэглэгчийн асуудал аймаг, сум бүрт бий. Манайх тэнд бүтэцгүй. Тэгсэн мөртлөө ажилтан маань Монгол улсын хэмжээнд ажиллаж байна. Яг үндсэн шалгалтыг 14 ажилтан хийж байна.

Тодорхой хэмжээний ур чадварын шалгалтыг байцаагч нараас авна. Шаардлага хангахгүй хүмүүсийг явуулна. Шаардлага хангасан олон нийтэд танигдсан ур чадвартай байцаагч нарыг урьж ажиллуулна. Улсын байцаагч ур чадвартай, мэргэшсэн байх нь манай байгууллагад маш чухал.

Ер нь халж, солихоос илүү мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ. Бид чадлаараа ажиллана. ШӨХТГ-ыг хамрах хүрээ нь маш том. Гэтэл 36 ажилтантай. Би яаж ажиллах юм. Надаас юу шаардах юм. Дээрээс нь бид “Монгол хэлний хууль”, “Нөхөрлөлийн тухай хууль”-д хяналт тавьдаг. Ганц жишээ хэлэхэд, Орон нутгийн сонгуулиар бид ажиллана. Гэтэл энд 36 ажилтан маань байна. Орон нутгийн сонгуулиар орон нутагт ажиллах нэг ч бүтэцгүй. Энэ мэт бүтцийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй.

-Бүтцийн хувьд төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг хийх юм байна. Харин ойрын хугацаанд хийх ажлаа та яаж эрэмбэлсэн бэ. Иргэдийн гомдлыг цахимаар буюу фэйсбүүк, твиттерээр авдаг болно гэсэн. Хэзээнээс энэ ажил хэрэгжиж эхлэх вэ?

-Бид гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж асуудлыг нь сонсон яаж ажиллахаа ярилцсан. Программ хангамж, үйлдвэрлэгчдийн холбоотой ч уулзалт хийсэн. Тэдний зүгээс бидэнд хүсэлт хэлсэн. Тодруулбал, “Танай байгууллагад гомдол өгөхөд мэргэжлийн түвшинд шийдэх улсын байцаагч, ажилтан алга” байна гэсэн. Тиймээс бид IT чиглэлийн мэргэжилтэнг ажиллуулж улсын байцаагчаар бэлдэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

Бүх хүн 115 дугаар руу залгаж гомдол хэлэх боломжгүй. Мөн бүх хүн замын түгжрэлд явж ШӨХТГ-т ирж гомдлоо өгөх боломжгүй. Намайг ажил авахад есөн давхарт иргэний гомдлыг авдаг байсан. Одоо нэг давхарт иргэдийн гомдлыг авахуулж байна.

Цахимаар гомдол авдаг систем рүү оруулахаар ажиллаж байна. Төрийн албан байгууллагатай холбоотой гомдлыг ихэвчлэн дотор нь ажилладаг ажилтан гаргадаг. Тэгэхээр тухайн ажилтан өөрийнхөө нэр усыг хэлээд гомдол гаргахгүй. Тиймээс хуурамч хаяг болон бусад зохицуулалтыг хийх мөн төрийн албатай холбоотой гомдлыг нэр, усгүй хаягаас ирүүлсэн ч хүлээн авдаг байна. Сошиалд хамгийн түгээмэл ашиглагдаж буй платформ буюу фэйсбүүк, твиттер хаягаасаа ШӨХТГ-ын хаяг руу гомдлоо таглахад бид шууд хүлээж авах программыг хийж байна.

-ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ-

-Мөн зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акцыг эхлүүлж байгаа юм байна. Одоо бүх худалдааны төв, худалдаа эрхлэгчид зарагдсан барааг буцаахгүй гэж хэлдэг нь бичигдээгүй хууль болжээ. Ер нь хэрэглэгчийн хуулиндаа зарагдсан барааг буцааж болдог зохицуулалт бий юу?

-Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акцыг бид эхлүүлсэн. Хэрэглэгч сэтгэл ханамжтай байх ёстой. Бид хэрэглээгүй барааны тухай ярьж байгаа шүү. Өөрөөр хэлбэл, долоо хоног өмссөн бараагаа буцааж болох тухай яриагүй. Харин хэрэглээгүй барааг буцааж болно гэж байгаа юм. Шошго авч болохгүй, уутыг нь задалж болохгүй гэх мэт стандартыг бид тодорхой тавьж өгч байгаа. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй акцын үр дүнг бид танилцуулна.

Мөн даваа гаригаас эхлэн ломбардын үйл ажиллагааг хянаж эхэллээ. Иргэдийн зүгээс ломбард, банк бус байгууллага, банкны мөнгө хүүлэлттэй холбоотой гомдлыг ихээр ирүүлдэг. Тодруулбал, ломбард барьцаанд тавьж буй эд зүйлсийг маш бага үнээр үнэлдэг. Нэг сая төгрөгийн эд зүйлийг 300 мянган төгрөгөөр авна гэдэг ч юм уу. Мөн ломбардтай байгуулж буй гэрээ хэлцлийн асуудал бий.

Ломбардын эрх ашгийг хэт хамгаалсан байдаг. Ийм асуудал байж болохгүй. Цаашлаад барьцаанд буй эд зүйлийг захиран зарцуулахтай холбоотой асуудалд ломбард хэтэрхий их хүч түрэн хэрэглэж байна. Иргэний тухай хуульд нийт зээлсэн төлбөрийн 50 хувиас хүү, алданги хэтэрч болохгүй гэж заасан. 100 мянган төгрөг зээлчихээд эргүүлж 150 мянган төгрөг авах ёстой. Гэтэл өнөөдөр 100 мянган төгрөгийн зээл олгочхоод буцаагаад 300 мянган төгрөг болгон авч байна. Ингэж болохгүй. Тиймээс хуулиа мөрдөж ажиллах зөвлөмжийг бид ломбардад хүргүүлж байна.

Коронавирустэй холбоотойгоор эдийн засгийн энэ хүндрэлтэй үед бид албан байгууллагуудыг шууд торгох бус зөвлөмж хүргүүлэх зарчмаар ажиллаж байгаа. Хуулийн дагуу ажиллахыг сануулж, шаардлага тавьж байна. Алдаагаа засахгүй бол хуулийн дагуу шаталсан арга хэмжээг авна.

-Мөн төлбөрөө бүтнээр нь авна гэх сургууль, цэцэрлэгүүдийн шаардлагыг та бүхэн нягталж, шалгаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид өчигдөр Боловсролын яамтай сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн төлбөр болон гэрээтэй холбоотой асуудлаар уулзалт хийсэн. Сургуулиуд бүтэн жилээр нь төлбөрөө нэхэж байна. Ингэж болохгүй. Бид хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах үүрэгтэй учраас энэ хүрээндээ уг асуудал дээр ажиллаж байна. Мөн Засгийн газраас гарч буй бодлого шийдвэрийг өөрийн харьяаллын хүрээнд мөрдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өмчийн хэлбэр хамаарахгүйгээр боловсролын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байна. Торгох, хянах зүйлгүй. Зөвхөн зөвлөмж хүргүүлж байгаа.

Харин зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол тухайн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Боловсролын яаманд хуулийн дагуу тавина. Яг яагаад бүтнээр нь төлбөрөө авах гээд байгааг ойлгохгүй байгаа. Багш нарынхаа цалинг бүтэн жилээр нь өгөх гээд байгаа юм уу. Дулаан, цахилгааны мөнгөө бүтнээр нь өгөх гээд байна уу ямар асуудал байна. Түүнийгээ гаргаад ир гээд асуудлыг нь сонсож байна. Манай байгууллага зөвлөн туслах үйл ажиллагааг заавал хийх ёстой. Цаашид бид долоо хоногт нэг дүүрэгт ажиллаж зөвлөн, туслах үйлчилгээг үзүүлнэ. Үүнийгээ өглөөний цай хэлбэрээр явуулж байна.

-Иргэдээс ихэвчлэн ямар салбартай холбоотой гомдол ирж байна?  

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол их ирдэг. Электрон бараа, автомашинтай холбоотой гомдол хамгийн их ирж байна. Тухайлбал, осолд орсон машиныг тээвэрлэн авчирч засч янзлаад зарж байна. Үүн дээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал хөндөгддөг. Хэрэглэгч шинэ машин хэмээн бодож худалдан авсныхаа дараа осолд орсныг нь мэддэг. Энэ асуудал дээр бид шийдлийг нь гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газартай хамтарч ажиллана.

Гаднаас тээвэрлэгдэн ирж буй бүх машин, техникийн мэдээллийг нэг дата дээр бөөгнүүлэх ажлыг хийж байна. Арлын дугаар хэзээ ч өөрчлөгддөггүй.

Тухайн иргэн машиныг худалдан авахдаа арлын дугаарыг нь уншуулж үзэх хэрэгтэй. Тэгвэл осолд орсон уу, сэлбэгээр бүртгэгдэж Монгол улсын нутагт дэвсгэрт ирсэн үү гэдгийг харах боломжтой болно. Бид энэ тухай мэдээллийн системийг нэг болгоно. Телевиз, угаалгын машин зэрэг электрон барааны хаяг, шошготой холбоотой гомдол их ирдэг. Борлуулагч компаниуд барааг заавал Монгол хэл дээр заавартай нь зарах ёстой.  Монгол хэлээр бичээгүйгээс болж хэрэглэгч зааврыг нь бүрэн уншиж мэдэлгүй хохирох асуудал гардаг. Энэ нь мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбогдож байгаа юм.

-Иргэдийн зүгээс шатахуун түгээх газруудын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг танай байгууллагад их хүргүүлдэг. Тухайлбал, ШТС-иуд бензинийг дутуу шахаж байна гэх мэт. Шалгаад зөрчил илрүүлдэг ч шатахуун импортлогчид энэ алдаагаа огт засдаггүй. Та үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Байгууллага болон улсын нууцтай холбоотойгоор ярьж болох, болохгүй зүйл гэж бий. Манай байгууллага өнгөрсөн дөрөвдүгээр сард ШТС-иудад шалгалт явуулсан. Тэр шалгалтын дүнг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй. Дүнг удахгүй танилцуулна. Энэ мэт бид иргэдэд нээлттэй байдлаар ажиллана.

Тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Гэтэл торгууль тавьсан шийдвэр нь шүүх дээр унадаг. Торгууль тавьснаараа тухайн шатахууны чанар дээшилсэн үү, үнэ буурсан уу, торгууль төлөгдсөн үү гэдэг өөр асуудал. Бизнесийн байгууллагуудыг дарамталж, шахахаас илүү зөвлөх үйл ажиллагааг явуулна. Харин үл хайхарвал хуулийн дагуу шаталсан арга хэмжээг авна.

Увсын малчны ааруул 1000 төгрөгөөр зарагдах боломжтой байхад супермаркетууд маш өндөр хэмжээний 30-40 хувийн хураамж авснаас болж залуугийн ааруул өөрөөс нь үл шалтгаалан 5000 төгрөгөөр зарагдаж байгаа асуудлыг ч бид зохицуулах ёстой. Бодлого, төлөвлөлтийн ажлуудыг хийнэ. Мөн хаягжилт, бараа, материалын шошгыг Монгол хэл, тайлбартайгаар хүргэнэ.

-БИ ЖДҮ-ЭЭС ЗЭЭЛ АВААГҮЙ-

-Таныг ЖДҮ-ээс зээл авсан. Зээл авсан нь олон нийтэд мэдэгдэнгүүт ЗГХЭГ-ын дэд даргынхаа ажлыг хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байдаг. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Чимээгүй байснаараа буруутай юм шиг харагдсан байх. Нөгөөтээгүүр би хэвлэлийн байгууллагатай хэрүүл хийгээд явдаг хүн биш. Төрийн түвшинд бэлтгэгдэж буй залуус хэрүүл хийхээс илүүтэй учир байдлыг ойлгуулж ажиллах ёстой гэж боддог. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхад миний ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудал хөндөгдсөн. Төрд 10 жил түүнээс таван жилд нь төрийн удирдах албан тушаал хашсан байх ёстой гэсэн заалт байсан. Харин манай нөгөө дэд даргынх улсад 10 жил түүнээс удирдах албан тушаалд таван жил гэсэн заалттай байсан. Үүн дээр би хэрүүл хийгээгүй. Төрийн алба, улсад гэдэг нь хоёр өөр ойлголт. Та бүхэн нийгмийн даатгал төлж байгаа учраас улсад ажилласан гэж тооцогдоно.

Харин төрийн албанд гээд шаардлага тавьчихаар би төрийн захиргааны албан тушаалд 10 жил ажилласан болчихоод байгаа юм. Нэг албан тушаалд хоёр өөр ажлын байрны тодорхойлолтын асуудал байсан гэсэн үг.

Би ажлын байрны тодорхойлолтоо улсад 10 жил болгон өөрчлүүлсэн бол асуудал үүсэхгүй байсан. Надад өөрчлүүлэх боломж байсан. Гэхдээ би шударгаараа л үлдсэн. 

Үндсэн хуулийн цэц дээр яригдсан. Би тухайн үед асуудлыг дэвэргэхгүй ажлаа өгсөн. Бүх баримт нь бий. Ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй хүнийг Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж томилсон гэж үзээд Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Тэр миний буруу биш. Засгийн газар шаардлага хангасан хүнийг л томилох ёстой.

Хамгийн гал татсан асуудал нь ЗГХЭГ-т олон жил ажилласан,  төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг тендер, худалдан авах ажиллагаанд оролцдог хүмүүстэй харшилтай болсон. Тэр хүмүүсийн дургүйг хүргэснээс улбаалаад асуудлууд үүссэн.

Харин ЖДҮ-ээс зээл авсан гэх “Рич Холдинг” компани манай эхнэрийнх биш. Манай хадам ахынх. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес эрхэлдэг байсан хүмүүс.  Би энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. Манай эхнэр болон миний дансанд тэр компанийн гэх нэг ч мөнгө төгрөг орж ирээгүй. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес хийгээд банк, банк бусаас, төрийн сангуудаас зээл авч байсан компани. Зээл авахад нь нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг л асуудал.

Үүнийг АТГ шалгаад тогтоосон. Мөн зээлийн мөнгийг “Монгол тулгат финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан гэж яриад байгаа. Гэтэл энэ компани нь банк бус санхүүгийн байгууллага биш, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлд байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани. Анх бизнес эрхэлдэг байхдаа байгуулаад тэр чигээр нь орхисон. Би 2012 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхдээ л бизнесээ зарсан. АНУ-д, Монголд бизнес хийдэг байсан. Олон улс, агаарын тээврийн чиглэлээр бизнес хийдэг байлаа. Би сардаа 10-20 сая төгрөгийн ашигтай ажилладаг бизнесээ зараад улс төр рүү орсон юм. Улс төр, бизнес хоёр нэг зарчим дээр байж болохгүй гэж боддог. Би өөрийн ах дүү, аав ээж, үр хүүхэд, эхнэрийнхээ өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэдэгт итгэдэг. Би ах, дүүдээ зээл аваад өгсөн бол ийм зүйл ярихгүй. ЖДҮ-ээс зээл авахад миний ажлын байр нөлөөлөх боломжгүй. Би даргыг нь таних ч үгүй, уулзаж ч байсангүй.

-Ярилцсанд баярлалаа. 

ШИНЭ МЭДЭЭ