МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Малчид махаа шууд худалдааны төвүүд рүү нийлүүлэх боломжийг судална
2020.09.01
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Малчид махаа шууд худалдааны төвүүд рүү нийлүүлэх боломжийг судална

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтай ярилцлаа. Тэрээр наймдугаар сарын 19-нд тус газрын даргаар томилогдсон юм.


 

-Та ажлаа аваад удаагүй байна. Энэ газарт ямар шинэчлэлийг хийнэ гэж төлөвлөж байна?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол тохируулагч агентлаг. Тиймээс хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол стратеги, бодлогоо төлөвлөх ёстой. Бид бүтэцдээ өөрчлөлт оруулж, стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийг байгуулах гээд Монгол Улсын Шадар сайдтай зөвшилцөж байна. ШӨХТГ бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага. Нөгөө талдаа тохируулагч буюу тухайн чиглэлийн бодлогыг барьж ажиллах байгууллага гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаанд хэрэгжүүлэх шинж чанар нь өндөр, харин бодлогын шинж чанар нь алдагдсан байна. Үүнийг дүйцүүлэх хэмжээнд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлэх шинж чанар нь өндөр, бодлогын шинж чанар алдагдсан учраас дүйцүүлнэ гэж байна. Үүний хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?

-Тухайлбал, бидний хяналт тавьж байгаа хуулиуд болох Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль зэрэг хуулиудад энэ байгууллага ямар чадамжтай байх ёстой вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг.

-ШӨХТГ бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?

-Олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнээс одоо ажил хэрэг болоод явж байгаа нэг ажил нь "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг акц байна. Ихэнх дэлгүүр лангууныхаа хажууд “Бараагаа зөв сонгоно уу”, “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг хоёр бичгийг наасан байдаг. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.3, 12.5 дугаар зүйлүүдийг зөрчиж буй хэлбэр. Зарагдсан барааг буцаахгүй гэдэг шалтгаанд давхар НӨАТ-ын асуудал яригдана.

Дэлгүүрийн худалдагч нар ихэвчлэн НӨАТ нь гарчихсан гэж тайлбарладаг. Ийм худлаа тайлбар хийж, иргэдийг төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй. Бид хэрэглэсэн барааны тухай биш хэрэглээгүй шинэ барааны асуудлыг л ярьж байгаа. Жишээлбэл, нэг иргэн аавдаа цамц авахдаа хэмжээг нь мэдэж байгаа мөртлөө дуртай өнгийг нь мэдэхгүй авчихаад буцаах хэрэг гарч болно шүү дээ. Ингээд бараагаа буцаах гэхэд дэлгүүрүүд буцаадаггүй. Энэ бол хэрэглэгчийн эрхэд шууд халдаж буй хэлбэр. Задлаагүй, шошгыг нь аваагүй, өмсөөгүй, хэрэглээгүй барааг шууд буцаах боломжтой. Үүнийг дагаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн нийслэлийн зургаан дүүргийн ломбардад хяналт шалгалт хийж эхэлсэн. Ингэхдээ бид дөрвөн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, тухайн ломбард дээр ирж байгаа хэрэглэгчийн эд зүйлийг хэт доогуур үнэлж байгаагаа зогсоох. Хоёрдугаарт, хамтран байгуулж байгаа гэрээ хэлцэл дээр ломбардны эрх ашгийг хэт бодсон, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн гэрээ хийж байгаагаа болих. Гуравдугаарт, нэгэнт зээл олгоод мөнгө гаргаж байгаа л бол нийт зээлсэн дүнгийн 50 хувиас хүү, алдангийг хэтрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөг зээлсэн хүнээс 300 мянган төгрөг авч болохгүй. Хүү алданги нийлээд, хугацаа ямар байсан ч 150 мянган төгрөг л авна. Дөрөвдүгээрт, тухайн хүн гэрээгээ хэрэгжүүлээгүй тохиолдолд барьцаанд тавьсан эд зүйлийг шууд хурааж авах, худалдахаа болих. Тухайн эзэнд нь заавал мэдэгдэж, үнэлгээг нь тогтоогоод, зарж борлуулахаар бол өөрийнхөө хохирлыг барагдуулаад үлдэгдэл мөнгийг эзэнд нь өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, нэг сая төгрөгийн зүйлийг шууд хурааж авахгүйгээр өөрийн хохирлыг барагдуулчихаад үлдэгдэл мөнгийг нь буцааж өг зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Тэгэхгүй бол ломбарданд маш том мөнгө хүүлэлтийн систем яваад байна.

-Өнгөрсөн долоо хоногоос энэ шаардлагуудыг тавьж эхэлсэн юм байна. Ломбардууд хэрхэн хүлээж авч байна?

-Яаж хүлээж авах нь бидний асуудал биш. Энэ байгууллагууд бидний шаардлагыг хүлээж авах үүрэгтэй. Үгүй бол дараагийн удаа бид хуулийн шаталсан арга хэмжээг авна. Бид хэзээ ч мөнгө хүүлэхийг зөвшөөрөхгүй. Шууд л тухайн үйл ажиллагааг зогсооно. Хатуу арга хэмжээ авна. Үйл ажиллагааг нь зогсоохгүй. Гэхдээ хууль зөрчихийг зөвшөөрөхгүй. Бид хяналт шалгалт хийгээд шууд л торгоод байгаа зүйл байхгүй. Мэдээж эхний удаа сануулах арга хэмжээ авч, зөрчил арилгуулах дээр зөвлөж байна.

Ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас болж гудамжинд гарч байгаа хүн олон. Гэрээсээ хөөгдөөд гарч байгаа ч хүн байна. Энэ бол хэрэглэгчийн эрх ашгийн асуудал. Үүнийг бид хамгаалж ажиллах үүрэгтэй юм.

-ШӨХТГ-ыг шинэчлэхэд олон ажил төлөвлөсөн гэлээ. Зарагдсан барааг буцаахгүй болон ломбардуудад хяналт тавихаас өөр ямар ажил хийх вэ?

-Цахимаар гомдол мэдүүлэх систем нэлээд нааштай байна. Удахгүй ашиглалтад орох байх. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах хууль буюу бидний мэдэхээр тендерийн тухай хуулиар гомдол гаргаж байгаа, төрийн байгууллагатай холбоотой гомдол гаргаж байгаа хүмүүсийн ихэнх нь төрийн албан хаагч нар байдаг. Гэтэл гомдол мэдүүлэхэд нэр, хаяг, регистрийн дугаарыг заавал өг гэдэг. Өгөхөөр тухайн хүн ажлын байрны дарамтад орох тохиолдол бий. Тиймээс бид нэрийг нь гаргахгүйгээр тухайн гомдлыг хүлээн авах системийг бүрдүүлж байна.

Сургуулийн төлбөртэй холбоотой асуудлууд байна. Бид төлбөр битгий ав гэж хэлээгүй шүү дээ. Харин жилийн төлбөрийг бүтнээр нь авах шаардлагагүй л гэж байгаа юм. Багшийнхаа цалинг жилээр нь өгдөг юм уу, урсгал зардлын мөнгөө жилээр нь өгөх гээд байгаа юм уу, яг ямар зайлшгүй асуудал байгаа вэ тэрийгээ гаргаад ир гэж байгаа. Ингээд гаргаад ирвэл тэрэн дээр ярилцъя гэсэн. Сараар нь авч болдоггүй юмаа гэхэд улирлаар нь ав гэдэг шаардлагыг тавьж байна. Үүн дээр бид шаталсан арга хэмжээг авна. Өнөөдөр төлбөрөө төлөөгүй гээд сургуулиас нэг л хүүхэд хөөчихсөн байвал тухайн сургуультай хатуу хариуцлага тооцно. Одоо бид зөвхөн зөвлөмж хүргэж байгаа. Тухайн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл асуудлыг бид БШУЯ-д тавина.

Мөн осолд орсон, үерт орсон, цацрагт орсон машинууд орж ирэн угсрагдаад, худалдаалагдаж байна. Худалдаж байгаа хүмүүс нь километрыг нь ухраагаад энэ бол саяхан орж ирсэн шинэ машин гэж зарж байна. Энэ нь эцсийн дүндээ иргэдийн аюулгүй амьдрах орчинд шууд нөлөөлж байгаа, амь насанд шууд халдаж байгаа хэлбэр.

-Зах зээл дээр мах, бензиний үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Энэ заримдаа зохиомлоор буюу хөөрөгдөх тохиолдол байна. Үүн дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Үнийг бид тогтвортой барьж чадахгүй. Гэхдээ тухайн үнэ нэмэгдэхдээ бодит нэмэгдсэн үү гэдэгт бид хяналт тавина. Хууль бусаар, ямар нэг шалтгаангүйгээр үнэ нэмсэн тохиолдолд бид хариуцлагыг нь тооцно, тооцоод ч явдаг. Нөгөө талаасаа урьдчилан сэргийлэх буюу үнэ нэмэгдэхгүй байх тал дээр төрийн байгууллага учраас хамтын ажиллагаан дээр анхаардаг.

-Тухайн үнэ нэмэгдэхдээ бодит нэмэгдсэн үү гэдэгт хяналт тавина гэлээ. Сүүлийн жилүүдэд махны үнэ их өндөр болсон. Үнэ нь яг хаанаа өсөөд байна вэ. Ченж үү, худалдааны төвд үү эсвэл малчдын гар дээр үү?

-Зах зээлийн судалгаа гэж бий. Бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулахад сүлжээ дэлгүүрүүд, худалдааны төвүүдийн асуудлыг ярина. Тэд тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй иргэн, бизнес эрхлэгчдэд лангуугаа түрээслэхдээ өндөр түрээс авдаг байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, нэг иргэн малчны гар дээрээ нэг килограм махыг 3000 төгрөгөөр авлаа гэхэд тээврийн зардал орно. Ченжүүд аваад цаашаа дамжуулбал дахиад л нэмэгдэнэ.

Тэгээд сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүд лангуугаа хэдэн хувиар түрээсэлж байгаагаас шалтгаалж бас үнэ нэмэгдэнэ. Түрээслэгч тухайн борлуулалтын 30 хувь хүртэлхийг авна гэвэл худалдаа эрхлэгч ашиг олохын тулд тээвэрлэлтийн зардал, түрээсийн мөнгө, өөрийн ашгийг оруулаад нөгөө 3000 төгрөгөөр авсан мах 12, 13 мянга руу очоод байгаа юм. Тиймээс бид зах зээлийн судалгааныхаа хүрээнд малчид махаа шууд худалдааны төвүүд рүү нийлүүлэх боломжийг судалж байна. Хоёрдугаарт, лангуу түрээслэгч газрууд яагаад заавал 30, 40 хувь аваад байгааг мөн судалж байгаа. Манай газар судалгаа хийсний дараа тухайн байгууллагатай хуулийн дагуу харилцдаг, шалгадаг хянадаг.

-Өндөр түрээсээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэгэхээр түрээс буулгах тал дээр ямар ажлуудыг хийх боломжтой вэ?

-Тийм. Огцом нэмэгдэж байна шүү дээ. Түрээсийн үнийг буулгах нь ААН-ийн асуудал. Гэхдээ бид тодорхой хэмжээний үйл ажиллагааг явуулах боломжтой. Ядаж л мах, сүү, ноос, ноолуур зэрэг дотоодын бүтээгдэхүүн худалдан борлуулдаг газруудтай хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй хийх ёстой зүйлүүд бий.

Мах, бензин, банктай холбоотой асуудалд бид хуумгай хандаж болохгүй. Зах зээлийн судалгааг бид бүрэн гаргаж байж, цогц хяналт, шалгалтыг хийх ёстой. Тэгэхгүйгээр сэтгэлийн хөөрлөөр шууд үнээ буулга гээд байж болохгүй. Энэ нь зах зээл дээр эргээд маш их хэмжээний эрсдэлийг үүсгэх боломжтой.

-Та ярианыхаа эхэнд ШӨХТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулж, бодлого стратегийн газрыг байгуулна гэсэн. Энэ ажил аль шатандаа явж байгаа вэ?

-Шадар сайд манай газрын бүтцийг баталдаг. Бид бүтэцтэй холбоотой бүх материалуудыг хүргэсэн. Бүтэц батлагдахаар чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ