МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: 2021 онд Эрдэнэт хотдоо хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон”-г байгуулах том зорилго тавьсан
2020.12.26
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: 2021 онд Эрдэнэт хотдоо хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон”-г байгуулах том зорилго тавьсан

“Хайраар гоёсон шинэ жил” цувралын зочин "ББ" эхнэрийнхээ хамт бидний урилгыг хүлээн авсан юм. Хайр, дурсамж, халуухан тэврэлт мэдрүүлдэг шинэ оныг тэд гэр бүлээрээ хэрхэн угтдаг бол... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ, түүний хань Д.Болортуяа нарын чин сэтгэлийн хайраар гоёсон  ярилцлагыг тухлан хүлээн  авна уу  heart


-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Та 2020 онд хэнийг хэрхэн баярлуулсан бэ?

-2020 онд Эрдэнэт хотынхоо 8 байршилд 160 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдийн цогц тоглоом суурилуулсан. Маш олон хүүхэд, тэдний ээж ааваас “Баярлалаа” гэдэг үгийг сонсоод өөрийнхөө хийсэн зүйлийг зөв байжээ гэж бодсон доо. Хамгийн олон хүн баярлуулсан нь ажил маань энэ байж.Яагаад гэвэл тэр ажлаас хүүхдүүд хамгийн их аз жаргал мэдэрсэн учраас 

-Хүүхэд насанд үлдсэн шинэ жилийн дурсамж?

-Одоогийнх шиг өвлийн өвгөнөөс хүслээ хэлж бэлэг авна гэдэг зүйл байсангүй. Магадгүй байсан ч аав ээж маань хэлж байгаагүй байж магад. /инээв/ Шинэ жилээр өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг. Өглөө босоход бэлэг гацуурын доор байх ёстой гэж л боддог байлаа. Орой аав ээж, ах дүүтэйгээ цуг суугаад салат, гоё амттан, мандарин идэж байсан нь хамгийн сайхан дурсамж юм даа.

-Эрдэнэт хотын шинэ жилийн баярын хамгийн сэтгэл татам онцгой зүйлийг нэрлээч гэвэл?

-Сүүлийн үед бол “Уурхайчин” соёлын ордны урд бүгд цуглаад тоглолт хийдэг болсон нь хамгийн их таалагддаг болсон. Тэгээд гэртээ орж халуун хоол цайгаа идэж уугаад зурагтаар шинэ жилийн хөтөлбөрүүд үзэх. Хүүхэд байхад бол амжаад хэд хэдэн айлаар орж бэлэг аваад амжиж гэртээ шинэ оноо гаргана гээд гүйдэг байсан нь хамгийн гоё байж дээ. /инээв/

- Эхнэртэйгээ анх хэзээ яаж танилцсан тухайгаа хуваалцвал?

-Өө бөөн юм болж байсан. Миний хань Сингапурт их сургуульд сурах уу, надтай гэр бүл болох уу гэдэг сонголттой тулсан. Амьдралдаа гаргасан том шийдвэр нь болов уу. Сонголт нь өнөөдрийн манайх гэдлэг айл. Сингапурт сурдаг байхад нь байн байн очдог байлаа. Жирэмсэн болж ирээд удалгүй бид гэр бүл болсон. Дэлхийн олон хотуудаар явж үзсэн ч эхнэртэйгээ хамтдаа зугаалж, цагийг өнгөрөөж явсан болоод ч тэр үү, Сингапур хамгийн их таалагддаг.

-Хүүхдүүддээ ямар өв үлдээхийг эрмэлздэг аав бэ? Хүүхдүүдтэйгээ  шинэ жилийн орой юуны тухай онцолж яриа дэлгэдэг вэ?

-Хүүхдүүддээ сайн боловсрол, гэр бүлийн зөв хүмүүжил өвлүүлэхийг зорьдог. Миний бодлоор 21-р зуунд сайн боловсролтой хүн өөрийн амьдралыг алзахгүй аваад явчих хэмжээнд байна. Урьд нь бол аав ээж маань энэ нэг хүүхдийг яаж гэртэй, яаж ажилтай болгоё доо гэж санаа зовдог байсан байх. Одоо бол сайн боловсрол нэн чухал санагддаг. Тиймээс энэ талаар л хүүхдүүддээ их сургадаг даа.

Шинэ жилийн орой бол яаж гацууран дээр нь бэлгийг нь байрлуулж сэмээрхэн өгөх вэ гэдэгт бөөн адал явдал болдог болсон.Ххүүхдүүдээ баярлаж байгааг хараад бид хоёр ч бас баярладаг. Энэ нь гэр бүлийн хамтдаа элэг бүтэн байгаа хамгийн том аз жаргал болдог юм болов уу. Шинэ жилийн орой бол өвлийн өвгөн байгаа, байхгүй гэж л их маргалдаж итгүүлэхийн төлөө яриа болдог доо 

- 2021 онд хувь хүнийхээ хөгжлийн болоод бусад чиглэлээр ямар зорилго тавьж байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд хэд хэдэн бодож санаж явдлаг төслүүдээ хиймээр байгаа. Гэхдээ энэ бүхэн хорио цээр, цар тахалаас хамаарна. Миний хувьд хувь хүний хөгжил гэхээс илүүтэй хамтын хөгжил гэдэг зүйлийг их боддог болсон. Ялангуяа гадаад харилцааны тал дээр. 2021 онд Эрдэнэт хотдоо хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон”-г байгуулах том зорилго тавьсан.

- Шинэ жилийн баярыг тодотгож өгдөг зүйлсийн юунд нь хамгийн их дуртай вэ. Гацуур мод, өвлийн өвгөн, бэлэг, үдэшлэгүүд, тэмдэглэл хөтлөх, хүслийн дугтуй задлах гээд. Мөн шинэ жилийн баяраар авсан хамгийн дурсамжтай шагналаа нэрлээч гэвэл...?

- Хамгийн түрүүнд шинэ жил гэхээр гацуур мод санаанд ордог. Дараа нь мэдээж бэлэг. /инээв/ Урилга их ирдэг ч би багаасаа баяр наадам хэсээд явдаггүй байсан болохоор үдэшлэг цэнгүүнд оролцох тийм ч дуртай биш. Алтан сарнай наадам гэж бий. Түүндээ бол яаж ийгээд орохыг боддог. Гэр бүлийн баярын тухайд оймс эртнээс өлгөж, түүндээ хүслээ бичсэн цаас хийгээд бэлгээ авахыг хүсдэг. Эхнэртэйгээ танилцаад Хонгконгт нэг удаа шинэ оноо гаргаж байсан. Усан онгоцон дээр шинэ он гаргах их гоё санагдсан. Өндөр барилга дээр салют буудуулж, он солигдох мөчийг тоолж, гудамжаар задгай дээвэртэй автобусаар зорчиж байгаа залуучууд оргилуун дарс буудуулж дуулж хашгирч өнгөрөөдөг нь их сонирхолтой, бас өвөрмөц.

- Баярын ширээ засалтандаа  ямар үүрэг гүйцэтгэдэг бэ?

За худлаа хэлээд яахав үнэндээ би бараг оролцдоггүй ээ..Идэхэд л оролцоно /инээв/

Д.Болортуяа: /эхнэр/-Хайртынхаа хамгийн дуртай шинэ жилийн дууг та мэдэх үү? 

- Last Christmas гэдэг дууг байнга дуулж явдаг. Зун хүртэл /инээв/

- Шинэ жилийн баярын хамгийн дулаахан сэтгэл татам мэдрэмжийг та юунаас илүү авдаг вэ?

- Шинэ жилийн гацуур мод л юм болов уу. Хүүхэд байхын л модоо засахыг маш их хүлээдэг, модоо засаад эхлэхээр гоё санагддаг байсан. Манай хүүхдүүд ч гэсэн гацуур модоо 12 дугаар сарын 01 болонгуут засдаг. Хүүхдүүдээ баярлаж хөөрөхийг харах дуртай.

Д.Болортуяа: /эхнэр/-Танай гэр бүлийн шинэ жилийн баярын үдшийн сэтгэл догдлуулж хүлээдэг зүйлс юу байдаг вэ?

-12 дугаар сарын 31-нд эмээ өвөө, ах дүүгийнхэнтэйгээ гэр бүлээрээ азаа үзэж сугалаа сугалдаг. Том хүн хүүхдүүдээрээ хуваагдаж байгаад сугална. Тиймээс томчууд ч тэр, хүүхдүүд ч тэр сугалаагаа их хүлээдэг болохоор хонжвороо өмнө нь сайн бэлдэх хэрэг гардаг. Мөн хэн хурданаа үздэг ороодог тоглоом тоглодог. Тэр бас сонирхолтой.

-Хайрттайгаа хийх дуртай зүйл?

Д.Болортуяа /эхнэр/: -Хамтдаа хийх дуртай зүйл маань аялал. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө бол үүргэвчээ үүрээд л хамтдаа нисдэг байлаа. Хүүхдүүд олон болоод ирэхээр аялал хумигддаг юм байна. Манай гурван хүүхэд 10-аас доош насных болохоор харьцангуй жижигтээ орох байх.

-Шинэ жилийн баяраар болж өнгөрсөн дурсамжтай, хөгжилтэй үйл явдлаасаа хуваалцвал

Д.Болортуяа /эхнэр/: -Өнгөрсөн шинэ жилээр “Алтан сарнай” баярын цэнгүүнд оролцохоор гарахдаа өмсөх даашинзаа аваад гарсан юм. Тэгээд үсчин дээр сольж өмсөх гэтэл оёдол нь задарчихсан байсан. Тэрийг нь хараагүй аваад гарчихсан байна лээ. “Цаг тулчихсан, яана аа” гээд сандраад нөхөртөө хэлсэн чинь тэр байшинд байсан бүх хүнээс зүү утас асууж байгаад олоод, оёулаад аваад ирж билээ.

-Яг одоо таны хажууд өвлийн өвгөн ирж зогсоод нэг хүслээ шивнээч гэвэл цор ганц хүсэл тань юу байх бол?

Д.Болортуяа /эхнэр/: -Хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь эрүүл мэнд. Энэ жил аав маань маш хүнд өвдсөн. Яг одоо өвлийн өвгөн миний хажууд ирээд “Ганц хүслээ шивнээч” гэвэл эцэг эхчүүдийг маань, нөхөр, үр хүүхэд, ах дүү, бүх гэр бүлийнхнийг маань эрүүл саруул байлгаж өгөөч гэж хүснэ. Эрүүл энх, элэг бүтэн амьдрал л жаргал шүү дээ.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгсөн танай гэр бүлд баярлалаа. Ирэх онд хүсэл бүхэн нь биелэх болтугай?

-Баярлалаа. Хамтдаа шинэ жилийн тухай яриа өрнүүлэх сонирхолтой байлаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсэе. Шинэ оны мэндийг хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ