МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Усны тухай хуульд нэмэлт оруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
2021.01.12
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Усны тухай хуульд нэмэлт оруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Гадаргын ба газрын доорх усны нөөцөөс хамаарч түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох, усны хомсдолын түвшинг тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. 

Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Ганбаатар, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ц.Туваан нар ажиллахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ