МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн томоохон зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө долдугаар сарын нэгэн хүртэл хөнгөлөхөөр боллоо
2021.01.13
Орон нутгийн хөгжил

Дархан-Уул аймгийн томоохон зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө долдугаар сарын нэгэн хүртэл хөнгөлөхөөр боллоо

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнгөрсөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дарханы 100 орчим иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Бизнес эрхлэгчдийн зүгээс татвар төлж, баялаг бүтээдэг бизнесийн салбараа төрөөс дэмжих чиглэлээр тодорхой саналуудыг гаргасны дотор зах, худалдааны төв, ажлын байрны түрээсийг хөнгөлөх асуудал байсан.

Төрийн түшээгийн зүгээс иргэдийн саналыг орон нутгийн удирдлагуудад албан ёсоор уламжилсны дагуу аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгийнхэн томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж түрээсийн төлбөрөө бууруулах, хөнгөлөх, царцаах санал тавьсаныг доорх ААНБ-д хүлээн авч энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл түрээсийн төлбөрөө хөнгөлөхөө мэдэгдсэн байна.

Үүнд:

  • Дархан их дэлгүүр 45 хувь,
  • “Тээвэр Дархан” ХК /Дархан зах/ 30 хүртэлх хувь
  • Олон улсын худалдааны төв 20-30 хувь
  • Оргил худалдааны төв 20-30 хувь
  • Дархан Номин худалдааны төв 20-30 хувийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг сар бүр үзүүлэхээр болжээ.

Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, суурь зардлыг тэглэх зэрэг иргэдийнхээ аж амьдралд нийцсэн шийдвэрүүдийг гарган, бодит үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ААНБ-уудыг түрээсийн төлбөрөө ийнхүү тодорхой хугацаанд хөнгөлөхөд нөлөөлсөн байна.

ААН-үүдийн түрээс, бизнесийн зээл, дэмжлэгтэй холбоотойгоор Жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдэд Банк, ББСБ-аас олгосон зээлийн хүүг 50%-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг Г.Дамдинням тэргүүтэй УИХ-ын 21 гишүүн санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ