БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийг Орхон аймагт урилаа
2019.09.30
Гадаад харилцаа

БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийг Орхон аймагт урилаа

рхон аймаг нь 2018 онд Хавдарын илрүүлэлтээр хавдрын хамгийн өндөр өвчлөлтэй аймгаар тодорсон. 2017 онд 667 хүн хавдараар өвчилж байсан бол 2018 онд 825 хүн өвчилжээ.

Нэг жилийн дотор 158 хүнээр буюу хавдарын өвчлөл огцом өссөн дүн гарчээ. 2018 онд хавдараар өвчилсөн 825 хүнээс элэгний 255, ходоодны 132, умайн хүзүүний 143, хөхний 64, улаан хоолойн 22 хүн хавдарын өвчлөлөөр бүртгэгджээ.

2017 онд элэгний 190, ходоод 106, умайн хүзүү 120, хөх 47, улаан хоолой 21 хүн өвчилсөн байжээ. Орхон аймагт ийнхүү хавдарын өвчлөл байнга нэмэгдэж байгааг шинжлэн судлах, уг үндсийг тодруулах, таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол жил бүр өсөн нэмэгдэх магадлалтай байна.

Эмнэлгийн тоног төхөөрөмж сайн хэдий ч эмч нарын чадварын асуудал Монгол улс даяар яригдаж байна. Тиймээс Монгол улсад хийлгэсэн шинжилгээгээ гадаадын орнуудад очоод дахин хийлгэх, мөнгө санхүү зарцуулах шаардлага тулгардаг байна. Тиймээс эмч нарыг хөгжсөн орнуудын эмнэлэгт туршлага судлуулах, харилцан ажиллах, өвчтөн илгээх гэх мэт олон ажлуудыг хийх шаардлагатай байна.

Уурхайчин хүү Баярсайхан ходоодны хорт хавдар тусаж Эрдэнэтчүүд сэтгэлийн гараа сунгаж эхэлсэн. Үүнээс улбаалан хавдарын өвчлөл болон бусад асуудлууд хурцаар хөндөгдөж эхэлсэн байна.

Уурхайчин хүү Ч.Баярсайхан, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хамтаар БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийг зорьсон. Улсан хотын их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын зургаан том эмнэлгийн нэг, Робот хагалгаа хийдэг цөөхөн эмнэлгийн нэг аж.

Улсан хотыг Хюндэй группийн бүгд найрамдах улс гэж Солонгосчууд өөрсдөө ярьдаг. Учир нь Хюндэй группын хамгийн том хүнд үйлдвэрлэл хөгжсөн газар нь Улсан хот. Улсан хот БНСУ-ын орлого бүрдүүлэлтээр 1 дүгээрт бичигддэг, усан тээвэр, газрын тээвэр, агаарын тээвэр зэрэг хөгжсөн газар. Хюндэй групп хүнд үйлдвэр, үйлдвэрлэл эрхлэгч, ажилчиддаа зориулан 1975 онд Улсан хотын их сургуулийн эмнэлгийг байгуулсан байна. Хамгийн чухал салбарт нь ажилладаг эмнэлэг учраас хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас бүрдүүлсэн аж.

Уурхайчин хүү Ч.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж Орхон аймгийн засаг дарга Д.Батлуттай холбогдсоноор засаг даргын урилгыг албан ёсоор гардуулж өгчээ. Улсан хотын их сургуулийн эмнэлгийн удирдлагууд өөрийн судалгааны эхний багаа 2019 оны 10 сардаа багтаан Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хотод илгээхээ мэдэгдсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа сайн болбол цаашдаа Эрдэнэтчүүд БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт үйлчлүүлэх, цаашлаад хавдарын өвчлөлийн уг үндсийг хайх, судалгаа шинжилгээний ажлууд өрнөх аж. Гэрэлтэй Эрдэнэт хөтөлбөр эрүүл мэндийн салбарт үргэлжилсээр....

ШИНЭ МЭДЭЭ