МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"LEAD ERDENET" хөтөлбөр зарлагдлаа
2020.07.06
Орон нутгийн хөгжил

"LEAD ERDENET" хөтөлбөр зарлагдлаа

"LEAD ERDENET ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ" ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

НЭГ. LEAD ERDENET ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

LEAD ERDENET нь Орхон аймгийн 18-35 насны бүтээлч, эерэг сэтгэлгээтэй залууст зориулсан манлайлалын цогц хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар төрөлх нутгаа гэсэн залуучуудын хөгжил дэвшилийн төлөө зориулсан арга хэмжээ юм. Төрөлх нутагтаа өөрчлөлтийг авч ирэх, бүтээлч залуусын сүлжээ үүсгэх, улмаар эерэг үлгэр дууриаллыг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Орхон аймаг, Эрдэнэт хотод амьдарч буй төрсөн нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжиж, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших гарааны боломжийг олгон, үе тэнгийн залуусын оролцоотойгоор ирээдүйн манлайллыг бүтээх, үндэсний хэмжээний манлайлагчийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ

Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй 18-35 насны залуус бүрт нээлттэй.

ДӨРӨВ. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

  • "LEAD ERDENET" манлайлалын хөтөлбөр нь 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

ТАВ. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Орхон аймаг, Эрдэнэт хотын харьяалалтай байх
  • 18-35 настай байх
  • Өөрийгөө хөгжүүлэх болон хот, нутгаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Олон нийтийн үйл ажиллагаанд бусдыгаа манлайлан оролцдог байх
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд оролцох боломжтой байх

ЗУРГАА. ХӨТӨЛБӨР ЯВАГДАХ ҮЕ ШАТ

LEAD ERDENET хөтөлбөр нийт 4 үе шаттайгаар явагдана. Үүнд:

➢Нэгдүгээр шат: Эссэ бичлэгийн уралдаан

Хөтөлбөрт оролцохыг хүсэгчид нь "2025 онд Эрдэнэт хот минь ямар байх вэ?" сэдвийн дагуу нутгийн хөгжилд өөрийн нөлөөлөл, үзэл бодлоо тусгасан эссэ бичиж өргөдлийн маягт, засаг даргын тодорхойлолтын хамт шүүгчдийн комисст ирүүлнэ. Нийт ирүүлсэн материалтай шүүгчдийн комисс танилцаж баг тус бүрээс шилдэг 5 оролцогчдыг шалгаруулна. Эссэ бичлэгийн уралдаанд хамрагдсан оролцогч бүрт тэмдэглэлийн дэвтэр, "LEAD ERDENET" пудволк, малгай, зохион байгуулагдах #LEADERDENET арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг тус тус гардуулна.

➢Хоёрдугаар шат: Уран илтгэлийн уралдаан

Нэгдүгээр шатанд шалгарсан нийт 125 оролцогчид 2020 оны 09 дугаар сарын 01-наас 16-ны өдрүүдэд өөрийн бичсэн эссэний дагуу тухайн багтаа уран илтгэлийн шалгаруулалтад оролцоно. Улаанбаатар хотоос тусгайлан томилогдсон шүүгчдийн комисс очиж баг тус бүрээс шилдэг 3 оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан оролцогчид дараагийн шатны шалгаруулалт хүртэл хугацаанд багтаа нийгмийн төсөл хэрэгжүүлж, таван өдрийн манлайллын цогц сургалтын эхэнд тайлангаа тавина. Тус шатанд оролцсон залууст #ББ цуврал номын зохиогч Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шинэ боть, Сингапурын домог болсон удирдагч Ли Куан Югийн "Сингапурын хөгжлийн нууц"номуудыг гардуулна.

➢Гуравдугаар шат:

Таван өдрийн манлайллын цогц сургалт Хоёрдугаар шатанд шалгарсан нийт 75 оролцогч 09 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 5 өдрийн манлайллын цогц сургалтад хамрагдана. Тус сургалтанд хувь хүний хөгжил, манлайллын ур чадварууд, англи хэлний сургалт зэрэг олон төрлийн хичээлүүдийг мэргэжлийн сургагч багш нар заана. Манлайллын сургалтын холбогдох бүх зардлыг хөтөлбөрөөс даана. Уг шатны манлайллын сургалт нь РЕАЛИТИ ШОУ хэлбэрээр явагдана.

➢Дөрөвдүгээр шат: Сүүлийн шатны шалгаруулалт

Хөтөлбөрийн гуравдугаар шатанд шалгарсан оролцогчдын бусдыгаа манлайлах чадвар, идэвхи санаачлагатай байдал, хөтөлбөрийн турш оролцсон байдал, явцын үнэлгээ, тусгай даалгаврын оноо зэрэг шалгууруудыг харгалзан үзэж шилдгийн шилдэг 3 оролцогчдыг шалгаруулна.

ДОЛОО. ШАГНАЛЫН САН

Шилдгийн шилдэг гурван оролцогчийг шалгаруулна.

  • Нэгдүгээр байр: БНСУ-д богино хугацааны удирдлагын тусгай хөтөлбөрт хамрагдах эрх, 100% зардал
  • Хоёрдугаар байр: БНСУ-д богино хугацааны удирдлагын тусгай хөтөлбөрт хамрагдах эрх, 70% зардал
  • Гуравдугаар байр: БНСУ-д богино хугацааны удирдлагын тусгай хөтөлбөрт хамрагдах эрхийн бичиг, 50% зардал тус тус шагнуулна.

НАЙМ. ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Та LEAD ERDENET манлайллын хөтөлбөрт хамрагдсанаар:

  • ➔Зорилго нэгтэй үе тэнгийн залуусаар танилын хүрээгээ тэлэх, нэг баг болон ажиллах, харилцан суралцах
  • ➔Салбар бүрийн манлайлагчидтай танилцах, цаашдаа хамтран ажиллах боломжийг бий болгох
  • ➔Дэлхийн жишиг боловсролыг эзэмших гараагаа тус хөтөлбөрөөр эхлүүлэх
  • ➔Төрсөн нутагтаа эерэг өөрчлөлтийг хүсэл зорилго нэгт залуусын хамт бий болгох
  • ➔Хувь хүний хувьд болон карьерийн хувьд өсөн дээшлэх боломжийг бий болгох
  • ➔LEAD ERDENET клубт гишүүнчлэлтэй болох, сургалтын эрхтэй болж цалинтай сургалт заах

ЕС. ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Хөтөлбөрт оролцохыг хүсэгчид нь

  1. 2020 оны 07 сарын 04-нөөс www.baterdene.mn/leaderdenet хаягаар онлайн бүртгүүлнэ. Бүртгэл 07 сарын 25 хүртэл үргэлжилнэ.
  2. "2025 онд Эрдэнэт хот минь ямар байх вэ?" сэдвээр 500 үгтэй эссэг Microsoft Office Word дээр Arial фонтоор үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 байхаар шивэн 08 дугаар сарын 01-ноос 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өргөдлийн маягт, засаг даргын тодорхойлолтын хамт цахим хэлбэрээр болон шуудангаар илгээнэ.
  3. Оролцогчид өөрийн овог нэр, холбогдох утасны дугаарыг бичсэн байна.

Материал хүлээн авах цахим хаяг: leaderdenet@gmail.com

Материал хүлээн авах шуудангийн хаяг: Эрдэнэт хот, Цагаанчулуут баг, Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.baterdene.mn/leaderdenet https://www.facebook.com/batulziinbaterdene 99101580, 91929112 утсаар лавлана уу.

ШИНЭ МЭДЭЭ