МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Үр хүүхдүүд, өв залгамжлагч нь насан туршдаа, хязгааргүйгээр эзэмших ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Шинэчлэн баталж байгаа хуулиар Зохиогчийн эрх бүрэн хамгаалагдаж чадах уу? Хамгаалах зохицуулалтыг бүрэн тусгасан гэж үзэж байна уу? Учир нь миний харахад Зохиогчийн эрхийг бүрэн хамгаалсан гэж харагдахгүй байна. Өнөөдөр соёлын салбарт зүтгээд явж байгаа дуучид байна. Дууг нь юутүүбээс аваад CD болгоод зарчихдаг. Киночид арайчүү гэж киногоо хийгээд гаргах гэхээр аваад хулгайлаад интернет дээр тавьчихдаг. Тэр битгий хэл "Би чамд хайртай-2" гэдэг кино бол Оюуны өмчийн газар дээрээс хулгайлагдаж байсан гэсэн яриа байж байдаг. Үүн дээр хариуцлага нь чангарч байна уу? Хэчнээн хуульдаа байсан ч гэсэн, урьд нь энэ хууль хэрэгждэггүй байсан. Үүн дээр бүрэн хариулт өгнө үү?

Өв залгамжлагч 50-хан жил бүтээлээ ашиглах онцгой эрхтэй байх юм уу? Хуулийн заалтын 15.3-р заалт дээр өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барснаас хойш 50 жилийн хугацаанд үйлчилнэ гэж заасан байна. Өв залгамжлагч 50-хан жил бүтээлээ ашиглана түүнээс цааш яах юм бэ гэсэн асуулт гарч байна. Миний ойлгож байгаагаар үр хүүхдүүд, өв залгамжлагч нь насан туршдаа, хязгааргүйгээр эзэмших, ашиглах ёстой гэж үзэж байна. 

Улсын болон төрийн оролцоотой байгууллагын зохиогчийн эрхийг нь тухайн үед удирдаж байсан дарга нь өөрийнхөө нэр дээр аваад явчихдаг. Энэ бол телевиз, олон албан газар, салбарууд дээр гардаг. Хуулийн 19-р зүйлд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалтанд орсон байна. Тухайн үед удирдаж байсан дарга нь өөрийнхөө нэр дээр зохиогчийн эрхийг аваад ажлаас гарахдаа түүнийгээ аваад гардаг асуудал олон байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ? Оюуны өмчийн байгууллагын ажилтаны ур чадваргүй байдлаас бас зохиогчийн эрх зөрчигддөг. 

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Зохиогчийн эрхийн хамгаалалт бол нэлээн төвөгтэй асуудал. Техник технологийн хөгжилтэй холбоотойгоор энэ нь сайн зүйл боловч нөгөө талаар олон сорилтуудыг бүхий л салбарт гаргаж байгаа. Гэхдээ бид технологийн давуу талыг ашиглаж оюуны өмчийн хамгаалалтыг хийх илүү их бололцоо бүрдэх юм. Зохиогчийн эрхийн хувьд эрхээ хамгаалах асуудал тухайн хувь зохиогчийн эрхийг эдэлж байгаа хүмүүст байдаг. 

ШИНЭ МЭДЭЭ