МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бэлчээрийн доройтлыг бууруулах тогтвортой менежментийг хэрэгжүүлэхийг онцоллоо
2021.01.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Бэлчээрийн доройтлыг бууруулах тогтвортой менежментийг хэрэгжүүлэхийг онцоллоо

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс жил бүр олон улсад эрхлэн гаргадаг голлох тайлан болох “Хүний Хөгжлийн илтгэл”-ийн нээлтийн арга хэмжээ манай улсад өнөөдөр болж, 2020 оны эмхэтгэлийг онлайнаар танилцууллаа. 

Нээлтийн үеэр "Шинэ эрин: Хүний хөгжил ба антропоцений үе" сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хүн төрөлхтөн өнөөдөр эх дэлхийгээ өөрчилсөөр байна. Харин хаашаа, яаж өөрчилж байна гэдэгт хэлэлцүүлэг нэг талаар хариу өглөө. 

Хүмүүс болон дэлхий гараг антропоцен буюу хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрчилж буй геологийн тооллын цоо шинэ эрин үед шилжиж байна. Энэ цагт баян, ядуу ялгаагүй бүх улс орон, байгаль эх дэлхийдээ учруулж буй ноцтой хохирол, үр дагавраа бүрэн тооцож хүний хөгжлийн загвараа шинээр зураглахыг хичээж байна.

Үүний зэрэгцээ өөрчлөлтөд хамгийн ихээр саад учруулдаг эрх мэдэл болон боломж бололцооны тэгш бус байдлыг эцэслэх цаг ирсэнийг "Шинэ эрин: Хүний хөгжил ба антропоцений үе" илтгэлд дурдлаа.

Нүүрс төрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр

Чухам Хүний хөгжлийн индекст хүний хөгжлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлийг нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр гэсэн хоёр үзүүлэлтээр тооцон гаргажээ. Хүний хөгжлийн эх дэлхийд үзүүлж буй дарамт, сөрөг нөлөөг хэмжих туршилтын шинэ хэмжүүр нь чухам энэ болж буйг Хүний Хөгжлийн индексээр танилцуулав. Түүнчлэн "COVID-19"-ийн цар тахлын нийгэм эдийн засгийн үр нөлөө нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцоллоо. 

Монгол Улс Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийн 0.737 үзүүлэлтээр 2019 онд дэлхийн 189 орноос 99 дүгээр байранд орсон. Үүнийг 1990 онтой харьцуулахад нийт 27.5 хувиар өссөн байна. Мөн 1990-2019 онд Монголчуудын төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 2.6 жилээр, сургуульд суралцах хугацаа 4 жилээр, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2.3 дахин тус тус өссөн байна. 

Гэвч Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, 10 байраар хойшлохоор байна.

ОУВС-гийн тайланд дурьдсанаар Монгол Улс болон дэлхийн олон орнууд нийтдээ дэлхийн нийт ДНБ-ийн 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартай тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулсаар байгааг онцолжээ.

Монгол Улсад тулгарч буй бэрхшээл ба сорилт

Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой олон шалтгааны улмаас доройтолд орсон байна. Илтгэлд эерэг өөрчлөлтийг хийхэд урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэй тухай чухалчилжээ.

Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс бэлчээрийн доройтлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээр малчдад малын тоо толгойгоо бууруулахад нь туслах хэд хэдэн хөшүүрэг, механизм бүхий бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ, “Байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яаралтай шийдэх шаардлагатай бэрхшээл, сорилт Монгол Улсад улам нэмэгдэж буй энэ цаг үед НҮБХХ Монгол Улсын Засгийн газрыг "Тогтвортой Хөгжлийн Зорилгууд-2030"-ыг биелүүлэх, "COVID-19"-ийн цар тахлыг амжилттай даван туулах мөн илүү хүртээмжтэй, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүрд бий болгохын төлөө дэмжиж ажиллах болно” гэдгийг онцоллоо. 

“Хүний Хөгжлийн илтгэл”-ийн нээлтийн арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Д. Сарангэрэл болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич тэргүүтэй дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд оролцлоо. Мөн нийт 200 орчим хүн онлайнаар холбогдож оролцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ