МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай
2021.01.20
Эдийн засаг, Худалдаа

Аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.20) хуралдаан 9 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ.

Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталжээ. Гэвч дэлхий нийтээр 2020 оны 1 дүгээр сараас эхэлсэн коронавирусийн халдварт /Ковид-19/ цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тус газраас 2020 онд төлөвлөгдсөн зарим аудитын хувьд талбар дээр ажиллах боломжгүй болж хугацаа хойшилсон, мөн ондоо хийж гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн байна.

Байнгын хорооны хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар оролцож, энэ талаар хийсэн танилцуулгадаа, төрийн аудитын байгууллагаас тухайн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, аудиторуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүсэлтийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Монголын үндэсний олимпын хорооны  үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”, мөн “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдэвт 3 аудитыг Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор нэмж батлуулан гүйцэтгэсэн.

Харин дээр дурдсан тодорхой шалтгааны улмаас Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байна.

Тухайлбал, “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” сэдэвт 3 аудит /“Петрочайнадачин тамсаг Монгол” ХХК-ийн 2014-2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, Хайгуулын үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт/-ыг гүйцэтгэх боломжгүй болсон.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт” сэдэвт аудитыг төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны сүүлийн хагас жилд гүйцэтгэж байсан боловч аудитын гүйцэтгэх үе шатанд цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тавигдсантай холбоотой хугацаа хойшилж, аудитыг он дамжин гүйцэтгэх шаардлагатай болсон.

Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэх саналуудаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сүүлийн үед МҮОНТР-ийн санхүүжилтийн асуудал яригдаж, цалин хөлс, санхүүжилтийн талаар гомдол, санал гарах болов.

Сүүлийн дөрвөн жилд улсын төсвөөс тус байгууллагад 9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Иймээс МҮОНРТ-ийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийх санал гаргасныг Байнгын хороо дэмжив. Ингээд “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ