МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын эмэгтэй гишүүд шаардлага хүрүүллээ
2021.01.20
Хүний эрх

УИХ-ын эмэгтэй гишүүд шаардлага хүрүүллээ

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусний халдвар илэрсэн тул эх, нярайг ХӨСҮТ-рүү шилжүүлж буй үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулсан бөгөөд энэ үйл явцад хүний эрх зөрчигдөж, дөнгөж нярайлсан нялх биетэй эхийг идэр есийн хүйтэнд дан халат, гэрийн шаахайтай нь зөөвөрлөж байгааг харсан олон нийтийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ асуудалд анхаарал хандуулж, эх нярай, тэдний гэр бүлээс Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллага уучлал хүсэж, цар тахлын үед ажиллах горимыг хангуулж ажиллахыг шаардан УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт дараах шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагад,

  1. Хууль тогтоомж, журам зааврыг зөрчсөн этгээдэд яаралтай хариуцлага тооцох
  2. Эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийж, эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  3. Эрүүл мэндийн байгууллагуудын коронавирусний халдварын үед ажиллах дүрэм, зааврын нөхцөл, хэрэгжилтийг шалгах зэргийг тусгажээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатартай уулзсан юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудастаа

“КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөл байдал хэдий ч хүний эрх, хүнлэг ёс, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны зарчим алдагдах ёсгүй. Төрийн үйлчилгээний байгууллага бол төрийн ҮЙЛЧИЛГЭЭГ ард түмэнд чанартай хүргэх, ҮЙЛЧЛЭХ ёстой. Халдварт өвчин туслаа гээд үл хүндэтгэл, хүнлэг бус байдал үзүүлж хэрхэвч болохгүй.” гэж онцолсон байна.

Уулзалтын үеэр УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй, төрийн үйлчилгээний бүх салбаруудад хүнлэг, хүнээ бодсон чин сэтгэлийн харилцаа хандлага төлөвшүүлэх, сайн үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагааг чанаржуулах тал дээр ажиллах болно гэдгээ илэрхийлж байлаа.  

ШИНЭ МЭДЭЭ