МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.20
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Банкны эздийн хаанчлалыг зогсоох цаг нь болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 6 гишүүнээс өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр хугацаа дууссан тул хэлэлуүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Өнөөдрийг болтол 30 жил энэ хэдэн банкны эздийн шуналаар өдий зэрэгт хүртэл явсан нь харин ч удсан байна. Гар, хөл урттай юм.

Банкны эздийн хаанчлалыг таслан зогсоохыг оролдож байгаа энэ оролдлого Монголын үе үеийн парламентэд явж байхад өнөөдөр харин батлагдах руугаа орж ирж байна.

Үүнийг хүчтэй дэмжиж, ажлын хэсгийг ахлан ажиллаж, хүчтэй дэмжиж байгаа гишүүд рүү зохион байгуулалттай, санхүүжилттэй дайралтуудыг хийж байна. Үеийн үед харлуулан, дарамталж, шантаачилж ирсэн. Тэр битгий хэл 200 орчим шүүгчид, онцгой хөнгөлөлттэй зээл өгчихөөд манай шүүгчидийн, манай банктай холбоотой асуудлыг нааштай шийдэж өгөөрэй гэдэг нийтийн дунд ил явуулж даварч байсан цаг үе байгаа.

Бүх бизнес рүү ордог, би Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочидтой уулзахад, ногоочид юу гэж хэлж байсан гэхээр: Бид нар банкны ногоочид гэж хэлдэг. Шарын гол сумын малчидтай уулзахад юу гэж хэлдэг гэхээр: Бид банкны малчид, хоньчид гэж өөрсдийг хэлдэг. Ганц л зүйлийг бидэнд захисан нь хүүг бууруулаад дарамтнаас арилгаад өгөөч гэсэн. Сүүлдээ эд нар нь давраад юу болж хувирсан гэхээр ард түмний өмч, төрийн өмч болох Эрдэнэт үйлдвэрийг хулгай хийсэн. Өөрийнхөө тоглоомын засгийн газрыг байгуулж байгаад үүнийг хийлгэсэн.

Т.Доржханд гишүүн түрүүн үнэнийг ярьж байсан. Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг яг ингээд хулгайлчихсан. Үүнийг болиулах ёстой. Та нар маш их дайрч байгаа. Ард түмэн тэнэг биш харж байгаа. Банкны эзэрхийлэл, төрийг дээрэмдсэн, бүх бизнесийн салбарыг эзэлсэн эдгээр асуудлуудыг бид эцэслэнэ. МАН үүнийг хийнэ. Үүнийг эсэргүүцэж гар, хөл нь болж элдэв юм яриад сууж байгаа гишүүд сууж байна. Хурлаа орхиж явдаг, элдвээр өмөөрдөг, ажлын хэсгийн хуралдаа суудаггүй, саналаа өгдөггүй. Зугтаж байгаа бүхнийг чинь бид нар харж байгаа. Түүхэнд та нарын нэр үлдэнэ шүү. Үргэлж дарангуйлал, мөлжлөг дор байгаа ард түмнийхээ төлөө зогсоно. Үүнийг битгий мушгин гуйвуул.

Дэлхийн 70 гаруй оронд түүнээс 40 гаруй оронд нь хэрэгжээд явж байгаа нэг хүний хувь эзэмшил, түүнд хамаатай этгээдийн эзэмшлийг бууруулах санхүүгийн зах зээл рүү оруулах арга хэрэгсэл хаа сайгүй байгаа. Тийм учраас банкны шинэчлэлийг бид зоригтой хийгээд дуусгах ёстой, гар, хөлүүдийнх нь яриад байгаа үгийг хаях хэрэгтэй. 

Түүний үгийг дэмжиж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ