МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын хэсгийн анхны хурал цахимаар боллоо
2021.01.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ажлын хэсгийн анхны хурал цахимаар боллоо

"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолд "төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасны хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Н.Өнөрболор, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар ажлын хэсгийн гишүүнээр ажиллахаар болсон. Өнөөдөр уг ажлын хэсгийн анхны хуралдаан цахимаар боллоо.

“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” тогтоолын төслийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар оролцож өнөөг хүртэл салбарын яаманд төвлөрөн хийгдсэн судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа.

Монгол орны эрс тэс уур амьсгал, газар нутгийн өвөрмөц онцлогт тохируулан стандарт, технологио нарийвчлан гаргаж, зургийн ажлаа түргэн шуурхай эхэлж, 2021 оны 4 дүгээр сар гэхэд эхний бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх саналыг УИХ-ын ажлын хэсгийн гишүүд хэллээ.

Хурлын төгсгөлд ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс ээлжит хурлыг 1 сарын 26 буюу ирэх мягмар гарагт хийхээр төлөвлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ