2021.01.20
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Олон нийтийн өмч болгох энэ хуулийг зургаан сарын дотор хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 6 гишүүнээс өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 
Энэ бол сайн хууль байгаа юм. Долоон жилийн өмнө Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүн бид гурав энэ хуулийн санаачлагыг гаргасан. Банкны мафиудад үнэхээр дээрэлхүүлж байсан. 

100 жилийн өмнө бидний өвөг дээдэс хувьсгал хийхдээ мөнгө хүүлэгч нараас Монголыг аваръя гэж хувьсгал хийсэн. Ширэндэв гуайн шинэ түүхийн ном дээр манжийн үеийн мөнгө хүүлэлт 21 хувь байсан. Одоо түүнээс илүүтэй мөнгө хүүлэлт дээр шаналж зовж байгаа. Тэгэхээр энэ хуулийг дэмжээд, миний зарчмын зөрүүтэй санал юу вэ гэхээр хувьсгалыг ер нь хурдан хийнэ эсвэл удаан хийнэ гэж байдаг. Зөв зүйлийг удаан хийвэл бас буруу байдаг. Тэрэн шиг Иран яг энэ хуулиа гурван сар баталж, хэрэгжүүлсэн. Солонгос, Тайвань зургаан сар. Монополь банкуудын дур зоргоороо аашлалтыг олон нийтийн өмч болгох энэ хуулийг зургаан сарын дотор хийх хэрэгтэй.

2021 оны 6-р сарын 1-ны дотор үүнийг хэрэгжүүлэх хугацааг нь гарга. 2022, 2023 он гэдэг бол арай дэндүү хол байна. Дахиад л банкны мафиуд орж ирээд нэмэлт өөрчлөлтөөр хойшлуулаад яваад байх хандлага үүснэ. Товчхондоо 100 төгрөгийг 126 төгрөгөөр зардаг ард түмэн. Энэ дээр зовдог ард түмнийг аваръя гэвэл хугацаа нь хурдан байх ёстой. Энэ бүх хугацааны асуудал дээр та нар нааштай шийдэж өгч, дэмжээсэй гэсэн зарчмын зөрүүтэй саналаа дэмжиж үг хэлж байна. 

Түүний асуултанд УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа. 

Банкны нийт дүрмийн сангийн 3.2-ын 20 хувьтай холбоотой 500-700 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдана гэж тооцож байгаа байх. Миний тооцоогоор 900 тэрбум төгрөг ч хүрч магадгүй. Ийм их мөнгө цар тахлын үед худалдан авах хүчин чадал зургаан сарын хугацаанд, бүх банкууд хувьцаагаа зараад эхлэвэл үнэгүйдэл болно. Тийм учраас асуудлын хувьд зургаахан сарын хугацаанд байх магадлал эдийн засгийн хувьд хэцүү байж магадгүй. Тийм учраас дэмжих боломжгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэмэлт тодотгол хийлээ: 

Г.Амартүвшин гэх мэт залуу, зоригтой гишүүдийг эсэргүүцэж аймшигтайгаар довтолж байгаа. Яагаад урьд нь яриагүй юм. Яагаад яг энэ цаг үе дээр довтолж байгаа юм бэ? Залуу гишүүддээ хандаж хэлэхэд хайрлах, нэр хүндгүй болтлоо балбуулна гэдэг жинхэнэ улстөрчийн эрх чөлөө юм шүү. Энэ хуулийг батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ