МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Ганбаатар: Зоригтой, залуу гишүүдийг эсэргүүцэж банкны “мафи” аймшигтайгаар довтолж байна
2021.01.20
Улстөр

С.Ганбаатар: Зоригтой, залуу гишүүдийг эсэргүүцэж банкны “мафи” аймшигтайгаар довтолж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг 2020 оны 08 дугаар сард УИХ-д сонгогдсон банк, бизнес, эдийн засгийн салбарт мэргэшсэн, туршлагатай Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нарын 6 гишүүн хамтран боловсруулж, өргөн барьснаар УИХ ийнхүү хэлэлцэж байгаа юм.

Хуулийн төсөл банкны салбарынхан тэр дундаа банкыг дангаараа эзэмших гэсэн эздийн эрх ашгийг хөндөж, эгдүүцлийг нь чамгүй хөдөлгөсөн нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатай, төлбөртэй цацагдаж байгаа мэдээ мэдээллээс тод харагдах болсон. Учир нь банкны тухай хуулиар олон жил монополь тогтоож ирсэн банкуудын мөнгө хүүлэлтэд цэг тавьж, олон улсын жишгээр банкны эзэмшлийг задалж, хувьцаа эзэмшигчийг нэмэгдүүлж, нэг хүний гарт төвлөрсөн хувьцааг тараах шаардлагатай болох учраас энэхүү хуулийг батлуулахгүй байх ашиг сонирхол банкныханд байгаа бололтой.

Гэсэн ч үе үеийн парламентаар урагшилж чаддаггүй, эрх ашгийн өмнө замхардаг байсан банкны шинэчлэл энэ удаагийн парламентаар эцсийн хэлэлцүүлэг, цаашлаад батлагдах хүртлээ урагшилж байна.

Аль нэг банкинд өргүй, зээлгүй, барьцаагүй хувь хүн, аж ахуй нэгж өдгөө Монгол Улсад байхгүй бизээ. Хэт өндөр хүүний дарамт хэний төлөө ажиллаж, амьдраад байгаагаа ч мэдэхгүй болтол сар бүрийн хүүний мессежээрээ дарамтанд оруулдаг нь банкуудын үнэн төрх. Энэ байдалд цэг тавих цаг нь болсон. “Баас хатавч өмхийгээ тавихгүй” гэгчээр банкны салбарынхан эрх ашгийнхаа төлөө элдэв арга хэрэглэн чичрэн зүтгэсээр байгааг та харж болно.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга болон С.Ганбаатар гишүүн нар хуулийн ач холбогдол хийгээд хэвлэлээр бичигдэж байгаа залуу гишүүдээ өмөөрч байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
“Г.Амартүвшин мэтийн ийм зоригтой, залуу гишүүдийг эсэргүүцэж банкны “мафи” аймшигтайгаар довтолж байгаа. Яагаад урьд нь яриагүй юм бэ? Яагаад яг энэ цаг үед довтолж байгаа юм бэ? Залуу гишүүддээ хандаж хэлэхэд хайрлах, нэр хүндгүй болтлоо балбуулна гэдэг жинхэнэ улстөрчийн эрх чөлөө юм шүү. Энэ хуулийг батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой.”
УИХ-ын дарга Г.Занданшатар:
“С.Ганбаатар гишүүний саналыг дэмжиж байна. Энэ хууль маш чухал хууль юм.”

гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ