МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

Б.Баярсайхан: Төрийн үйлчилгээг иргэд царайчилж авах ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Энэ нам ямар янзтай улс орон, эдийн засгийг хүлээн авч, өнөөдрийн хөгжлийн олон олон ажлуудыг хийж, хүний нийгэмд тэр бүр тохиолддоггүй хүнд цаг үед улс орноо авч явж байгаа гэдгийг харж байгаа. Өнгөрсөн жилүүдэд У.Хүрэлсүхийн хийж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр ард түмэнд таалагдаж байгаа. Ялангуяа энэ Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авлига, ашиг сонирхол, Монголын төрд байж боломгүй ёс зүйгүй асуудлуудтай тэмцэж, тодорхой үр дүнд хүрсэн ажил хийж, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Хоёр хоногийн өмнө дөнгөж амаржсан ээжид хандсан төрийн үйлчилгээний сэтгэлгүй, ёс зүйгүй хандлага нь олон нийтийг бухимдуулсан, Монгол хүн бүрийг эмзэглүүлсэн үйл явдал болсон. 

Өнөөдөр Монгол хүн бүр эхийн хэвлийд бүрэлдсэн ургаас авахуулаад, настан буурлууд хүн бүхэн Монгол Улсын үнэт баялаг. Ялангуяа манайх шиг хүн ам багатай улсын хувьд Монголын үрсийг маш олон болгохын төлөө зүтгэж яваа Монгол ээж, эмэгтэйчүүдээ хүндлэн, хайрлах ёстой.

Нийгмийг цочроосон энэ үйлдэлд ёс хариуцлага хүлээн огцорч байгаа Ерөнхий сайд болон Засгийн газрын өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр нь цааш цаашдын Засгийн газар, улстөрийн намуудад шинэ жишиг, соёлыг тогтоосон үйл явдал болж байна гэж нэг талаас харж байна.

Нөгөө талаасаа энэ төрийн албаны үйлчилгээнээс болж Засгийн газар нь огцрохоосоо илүүтэй анхан, дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа хандах хандлага нь өнөөдөр ямар түвшинд байгааг маш тодорхой нийгэмд харуулж байгаа үйл явдал юм. Энд төрийн үйлчилгээний алба тэр дундаа онцгойлон эмнэлгийн үйлчилгээ дурьдмаар байна. 

Эмнэлгийн үйлчилгээ, ялангуяа эмнэлэгт төрөх гэж очиж байгаа ээжүүд, төрөх эмнэлгүүдийн үйлчилгээ бол үйлчлүүлэгчдээ буюу өвчтэй ээжүүдээ царайчлуулдаг соёл тогтоогоод маш олон жил болж байна. Би өөрөө улсын эмнэлэгт дөрвөн хүүхдээ төрүүлсэн ээж хүний хувьд энэ асуудал ямар байдгийг маш сайн мэднэ. Миний хэлж байгааг маш олон ээжүүд баталж хэлнэ гэж харж байна.

Бид нар цаашдаа эмнэлгийн үйлчилгээг, төрийн үйлчилгээгээ царайчлаад явсаар байх уу? Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хандлагыг өөрчлөх, шинэчлэх цаг болсон. Төрийн үйлчилгээг бүх шатандаа иргэддээ сайн хүргэдэг байхын төлөө маш онцгой анхаарч жинхэнэ тэр реформ шинэчлэлийг хийх цаг болсон гэж үзэж байна. Дараа дараагийн Засаг газар энэхүү асуудалд онцгой анхаарч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан зоригтой алхам, бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлнэ гэж итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ