2021.01.21
Улстөр

Х.Нямбаатар: Шүүхийн шударга байдлыг хангаж ажиллахыг зорьсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтэй холбоотой гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах гэдэг бол тийм ч амар зүйл биш юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдгийг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт шаардлагыг бид биелүүлээгүй. Харин ч эсрэгээрээ бид нар Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулиудаа батлууллаа.

Цаашид эдгээр хуулиудын хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тогтооход тодорхой алхам болох байх гэж бодож байна. 2021 оны 1-р сарын 20-ны өдрийн Сүхбаатарын талбай дээр болсон жагсаал, цуглаан бол эхэн үедээ ард түмний өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал, цуглаан байсан. Харамсалтай нь сүүл рүүгээ энэ жагсаал, цуглааныг улстөрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдэлийг сарниулж, бусниулах тодорхой үйл явдал болсныг би Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ импийчмент цаашид тооцох ёстой гэж бодож байна. Намайг Засгийн газартаа урьж итгэл хүлээлгэн ажиллуулсан Ерөнхий сайд танд болон хамтран зүтгэсэн Засгийн газрынхаа гишүүдэд цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ