2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Ганбаатар: НДШ-ийг төлдөг, бизнес эрхэлж байгаа төлөөллийн байгууллагуудтай нь ярилцсан уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Хамгийн гол хууль гаргаад тэр нь хөл ургаад өөрөө хэрэгжүүлээд явчихна гэж бодож болохгүй. Бид хяналт тавьж, сургалт, сурталчилгаа дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Өмнөх гарсан хууль хэрэгжээгүй тал дээр тодорхой дүгнэлт гаргаад яг яагаад хэрэгжээгүй, юун дээр алдсан бэ, хэрэгжүүлэх журам, дүгнэлт гарсан уу? Гол гурван шалтгаан юу вэ?
Энэ төсвийн тухай хууль биш. НДШ-ийг төлдөг, хөдөлмөр эрхэлж, бизнес эрхэлж байгаа төлөөллийн байгууллагуудтай нь ярилцсан уу? Тэдний оролцоог хангамаар байна. Нийгмийн түншлэгч, Бэлчээр ашиглагчдын холбоо, ҮЭ, Ажил олгогч эздийн холбоо, ХАҮТ гэж байгаа. Энэ байгууллагууд сурталчилж үүрэг хариуцлага үүрэх ёстой байдаг. Яагаад гэвэл нийгмийн түншлэгч байгууллага юм. Энэ тал дээр хууль, хэрэгжүүлэх шат, журамдаа ямар заалтууд орсон бэ?
Төв суурийн газрынхан ирвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Малчид, хувиараа эрхлэгчид хохирч байгаа. Гэхдээ цаг хугацаандаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын урам байна. Тэд мөнгөтэй тулдаа төлөөд байсан юм биш. Тэднийг яаж урамшуулах вэ? Төлөөгүй хүмүүст дандаа өршөөл үзүүлээд байж болно гэж байхгүй. Хуульдаа яаж хөшүүрэгтэй байх талаас нь хуульчилж байгаа вэ? Энэ маш чухал хууль санаачилсан байна.
Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Хууль баталдаг, санаачилдаг. Хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулдаг. Засгийн газар хангалттай сайн байгуулж чаддаггүй. Түүн дээр нь бид хяналт тавьж, шахаж шаарддаггүй. Өнөөдрийн байгаа бодит байдал энэ байна. Тиймээс Засгийн газраас шахаж шаардаж, сайн үр дүнтэй ажиллах тал дээр цаашдаа анхаарах хэрэгтэй байгаа юм.