НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

Ж.Сандагсүрэн: Иргэд QR код уншуулж хэвших нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно
2021.01.23
Эрүүл мэнд

Ж.Сандагсүрэн: Иргэд QR код уншуулж хэвших нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүрийн ажилтай танилцлаа.

Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж буй учраас худалдаа, үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний QR бүртгэлийг зайлшгүй хийж байх нь чухал байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцлов. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай нөхцөл, шаардлагыг заавал мөрдөн ажиллаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь коронавируст халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлаад буй бусад салбар, чиглэлүүдийг хэвийн байдалд шилжүүлэхэд ихээхэн чухал онцолсон юм. 

Тэрбээр “Иргэд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ QR код бүхий Ebarimt платформоо байнга ашиглаж, уншуулж байх нь цар тахлыг тархаахгүй байхад маш чухал. Цаашлаад нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно” хэмээв.

Сүүлийн үед нийслэл хотод голомтлон гарсан халдварын тохиолдлууд нэг орцны иргэд, нэг байгууллагын ажилтнууд байгаа нь хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэргээр халдварласан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нэг удаагийн бээлий өмсөх нь амны хаалт зүүхтэй адил чухал болсныг мөн тодотгосон юм. 

ШИНЭ МЭДЭЭ