Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийг бусад гишүүдийн санаачилсан хуультай нэгтгэн хэлэлцэнэ
2021.01.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийг бусад гишүүдийн санаачилсан хуультай нэгтгэн хэлэлцэнэ

Өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулснаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Сарангэрэл, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчдад тэтгэмж олгох нь зөв гэдэг санал, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн явцад төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргав.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдээс 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгтгэн оруулахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ