С.Ганбаатар: Баялгаа өгчихөөд өрөнд ордог байж болохгүй
2021.01.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Баялгаа өгчихөөд өрөнд ордог байж болохгүй

Т.АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Ерөнхий сайдын шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Рио Тинтогийн дарамтаас болж Засгийн газар огцорлоо гэж ойлгож байгаа. Монголчууд одоо ухаантай болсон шүү. Биднийг хуурна гэж байхгүй. Эдний бүх үйлдлийг монголчууд уншиж байгаа. Рио Тинто Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт орсон Монгол Улсын сайд нарт авлига өгсөн нь дөрвөн улсын шүүхээр нотлогдоод байна. Рио Тинтогийн луйврын хэрэг олон улсад гэрчлэгдсэн. Рио Тинто Монголын Засгийн газарт авлига өгсөн нь Лондон, Нью-Йо́рк, Хонгконгийн шүүх дээр нотлогдсон. Улстөрчид авлига авсан байна. Рио Тинто авлига өгсөн нь нотлогдсоноор Оюутолгойн гэрээг цуцлах боломжтой болж байна.

-Үнэхээр Оюутолгойн гэрээг цуцалж, гэрээг Монголын талд ашигтайгаар өөрчлөлт оруулах боломж байгаа юм уу?

-Монголын ард түмэн Оюутолгойг буцаан авах алтан боломж ирлээ. 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, Монголд ашиггүй хортой гэрээ байгуулсан бол 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Дубайн гэрээгээр улам муу болгож баталгаажуулсан. Оюутолгойн гэрээг анх байгуулахад Монголын тал тус компанийн 34 хувийг эзэмшихдээ 38 сая ам.долларын зээлээр хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийг болтол тэрхүү зээл өссөөр үндсэн өр 1.3 тэрбум ам.доллар, хүүгийн хамт хоёр тэрбум ам.доллар давсан байна. Бид 360-400 тэрбум ам.долларын үнэтэй Оюутолгойн баялгаа гаднынханд өгсөн.

“2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй. 22 тэрбум ам.долларын өрөнд орно” гэж Рио Тинтогоос албан ёсоор мэдэгдлээ. Баялгаа өгчихөөд өрөнд ордог байж болохгүй. Ерөнхий сайд олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Би энэ асуудлын төлөө 16 жил явж байгаа. Бидэнд 400 тэрбум төгрөгийн баялаг ирэх ёстой. Энэ мөнгөөр бүх хүн ажилтай болж, Монгол хүн өргүй болох боломжтой. Допинг хэрэглэсэн бөхөөс цолыг нь хурааж авдагтай адил бид өмчөө буцааж авах эрхтэй. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах бүрэн боломж бий. Би ганцаараа биш, олон түмэн эсэргүүцлээ хүчтэй илэрхийлэх шаардлагатай болоод байна.

-Оюутолгойн гэрээг байгуулахдаа Рио Тинто авлига өгсөн гэдэг шийдвэрийг олон улсын хэд хэдэн шүүхээс нотолсон гэж та хэллээ. Монгол Улсаас хэзээ нэхэмжлэл гаргасан юм бэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэхдээ нэхэмжлэлээ буцаасан байж магадгүй гэж би хардаж байгаа. Хэрэв олон улсын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаасан бол одоо даруй дахин нэхэмжлэл гаргах ёстой. Тэр хүртэл өлсгөлөн зарлах болно.

-Нэхэмжлэл гаргахгүй орхивол яах вэ?

-Бид Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжоо улам алдсаар байх болно. Нарийн яривал Монголын ард түмэн цатгалан байгаа юм байна гэж ойлгоно. Оюутолгойн баялагтай, баялаггүй сайхан амьдарч байгаа юм байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Энэ сарын 31-нд болох шүүх хурлаас өмнө нэхэмжлэлээ гаргах шаардлагатай. Ерөнхий сайд нэгдүгээр сард багтаж, нэхэмжлэл гаргахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах алтан боломжоо алдана. Монголын ард түмнийг төлөөлж олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээг Монгол Улсад ашигтайгаар дахин байгуулах, “Рио Тинто”-той хэлэлцээр хийх ганцхан хүн бол Ерөнхий сайд. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа энэ эрхээ хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын гишүүн иргэдийн өмнө хариуцлага үүрнэ гэж сонгогдсон. Би иргэдийг өлсгөлөн зарлуулахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд ирж надтай хамт өлсгөлөн зарлах ёстой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хүрэлцэн ирж дэмжсэнд баяртай байна. Хэрвээ Ерөнхий сайд үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. Надад бүх баримт нь бий. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орсноор Монгол орон хөгжинө. Үйлдвэртэй болно. Ард түмэн ажилтай, орлоготой болно. Сургууль, цэцэрлэгээр бүрэн хангагдана.

-Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан. Яг энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Та хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Авлигын эсрэг хууль гэдэг чинь авлигатай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой. Хамгийн их авлига авах магадлалтай нь улстөрчид шүү дээ. Ерөнхий сайд жилдээ 14 их наяд төгрөг зарцуулах эрх мэдэлтэй. Түүн дээр гарын үсэг зурдаг. Ерөнхий сайд 32 их наядыг зарцуулдаг төрийн өмчийн компаниудын захирлуудыг тавина. Тэгэхээр хамгийн их авлига авах магадлалтай хүн болж таарч байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байх нь “Хоттой хонио чононд хадгалуулж байна” гэсэн үг.

-“Ковид 19” цар тахалтай Улсын Онцгой комисс хэр тэмцэж ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-Я.Содбаатар сайд чадлаараа сайн зүтгэж ажиллаж байна гэж боддог. Нөхцөл байдал хүнд байсан ч боломжийн хэрээр ажиллалаа гэж ойлгож байгаа. -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор нэлээн маргаан өрнөсөн. Та хуулийн төслийн ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ? -Хуулийн төсөл батлагдсанаар ард түмэнд хэрэгтэй. Залуу зоригтой гишүүдийг эсэргүүцэж, банкны мафиуд маш аймшигтайгаар довтолж байна. Яагаад өмнө нь дуугараагүй юм. Заавал энэ цаг үед яагаад довтолж байгаа юм бэ. Залуу гишүүддээ хандаж хэлэхэд хайрлах нэр хүндгүй болтлоо балбуулнаа гэдэг жинхэнэ улс төрчийн эрх чөлөө шүү. Энэ хуулийг батлуулахын төлөө бүгдээрээ тууштай яваарай.

ШИНЭ МЭДЭЭ