МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021.01.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нараас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов. 

Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Эх орончдын өдөр болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан.2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзэж Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төслийг боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

 Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ